Хүнсний бүтээгдэхүүн, шатахууны нөөц хангалттай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний бүтээгдэхүүн, шатахууны нөөц хангалттай байгаа тул худал мэдээлэлд автаж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар анхаарууллаа.
Манай улс голлох 8 нэрийн хүнсний бүтээгдэхүүний 3-4 сарын нөөц бүрдүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хүнсийг бүх түвшинд хэмнэлттэй, хяналттай хэрэглэх горимд шилжих шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэмдэглэв.
Тэрбээр: "Хүнсний дэлгүүр, зах худалдааны төвүүдийг хаахгүй. Түүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний импорт, орон нутгаас хийх тээвэрлэлт саадгүй үргэлжилнэ. Зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах тал дээр анхаарч байна. Харин хүнсний бүтээгдэхүүнийг ихээр нөөцлөх нь зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөргөх аюултай. ХХААХҮЯ-ны малчин лавлах "109" дугаарын утсаар хүнсний бүтээгдэхүүний хангамж, зохиомол хомсдолтой холбоотой мэдээллийг хүлээн авна. Хүнсний бүтээгдэхүүний хангамжаа тогтвортой, жигд байлгахыг ард иргэдээс хүсэж байна" гэлээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар: "Шатахууны импорт хэвийн үргэлжилж байгаа ба нөөц хангалттай байна. Шатахууны зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүст цагдаагийн байгууллага хариуцлага тооцох ёстой. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар өнөөдөр АМГТГ-аас мэдээлэл хийнэ" гэлээ.