Б.Сандерс Калифорнид болсон сунгаанд Ж.Байденыг ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-13 10:22:18

НЬЮ-ЙОРК. /The New York Times /. Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигч тодруулахаар 3 дугаар сарын 3-нд Калифорни муж улсад явуулсан сунгаанд Вермонт муж улсын сенатч Берни Сандерс АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байденыг ялжээ.


“Супер мягмар гараг”-ийн сунгааг АНУ-д 3 дугаар сарын 3-нд явуулдаг. Энэ өдөр Америкийн 14 муж улс болон Америкийн Самоад намуудын их хурлын төлөөлөгчдийг сонгодог байна. Ардчилсан намынхны их хуралд Калифорни муж улсаас 415 төлөөлөгч оролцох бөгөөд энэ нь бусад мужаас оролцох төлөөлөгчдийн тооноос харьцангуй их юм.  


Калифорни муж улсад болсон сунгаанд Сандерс 34.3 хувийн санал авсан бол Жозеф Байден 27.6 хувийн санал хураажээ. Тодруулбал, хоёр улс төрч энэ муж улсаас 210 болон 162 төлөөлөгчийн дэмжлэгийг тус бүр авсан байна. Тэдэнтэй хамт энэ сунгаанд Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тулси Габбард нар өрсөлдсөн билээ. Дүн гарсны дараа Блумберг, Уоррен нар сунгаанаас нэрээ татсан юм. 


Гэсэн хэдий ч Калифорни муж улсад болсон сунгааны дүн хүчний хуваагдалд томоохон өөрчлөлт оруулаагүй юм. АНУ-д ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн тулд сунгаанд нэр дэвшигч намынхаа 1991 төлөөлөгчийн саналыг авах шаардлагатай бөгөөд бүх сунгаа, намын идэвхтнүүдийн хурлын дүнгээр Ж.Байден 867 төлөөлөгчийн дэмжлэгийг авсан бол Вермонт муж улсын сенатч Берни Сандерс 711 хүний дэмжлэгийг авжээ. 

Холбоотой мэдээ