А.Хүрэл-Эрдэнэ: Уугуул иргэдийн амьжиргааг дэмжиж, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-19 21:14:10

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөл зорилтот ямар суманд хэрэгжиж байгаа, төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар ямар ажлуудыг хийж байгаа талаар тус төслийн Завхан аймаг дахь зохицуулагч, экологич А.Хүрэл-Эрдэнээс тодрууллаа.


-Сайн байна уу? “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилго? Зорилтот ямар суманд хэрэгжиж байгаа вэ?

-“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Монгол Улсад 2019-2025 хүртэл хэрэгжинэ. Энэ төслийг БОАЖЯ, ХХААХҮЯ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Төслийг төслийн зорилтот аймаг, сумын Засаг даргын тамгын газар, бусад холбогдох төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд иргэд, малчид, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллаж хэрэгжүүлэх юм. Энэ төсөл нь Тарвагатайн нуруу буюу Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул суманд хэрэгжинэ. Мөн Бөхөн шарын нуруу- Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал Хайрхан, Өлзийт сум, Улаан шалын хоолой- Баянхонгор аймгийн Баянцагаан, Баацагаан, Говь-Алтай аймгийн Чандмань, Цогт, Эрдэнэ сум, Зармангийн говь- Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд тус тус хэрэгжиж байна. Төслийн зорилго нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Соён, Хангайн уулс, Өмнийн говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжиж, биологийн олон янз байдлыг хамгаалах юм.

Төслийн зорилтууд нь нэгдүгээрт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн, биологийн олон янз байдлыг хамгаалах замаар эко системийн үйлчилгээг өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгон чадавхыг бэхжүүлэх. Хоёрдугаарт бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн биологийн олон янз байдлыг хамгаалах замаар газрын доройтол/цөлжилтийг бууруулж, эко системийн үйлчилгээг өргөжүүлэх.

Гуравдугаарт орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, эко системийн үйлчилгээг сайжруулах.

Дөрөвдүгээрт мэдээлэл, мэдлэг солилцох, түгээх болон хяналт шинжилгээ, жендэрийн асуудлыг бүх түвшинд авч үзэх тогтолцоог хангах гэхчлэн гол зорилтуудтай. Төслийн хугацаанд бүх талууд бэлчээр, ой бүхий газар нутгийн тогтвортой менежментэд чиглэсэн эрх зүйн орчинтой болоход дэмжлэг үзүүлэх. Байгальд түшиглэсэн ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээг (нэн ялангуяа эко системийн үйлчилгээ, биологийн олон янз байдалд чиглэсэн) хөгжлийн төлөвлөлтөд тусгах. Одоо байгаа болон мөрдөж буй байгалийн нөөц ашигласны төлбөрийн механизмыг илүү үр дүнтэй ашиглах түүнчлэн хувийн хэвшлийн оролцоотой шинэлэг механизм бүхий ногоон хөгжлийн төлөөх арга хэмжээг дэмжих санхүүгийн механизмыг сайжруулах. Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх орон нутгийн эрх баригчдын чадавхыг бэхжүүлж, мэдээлэл, мэдлэг солилцох шинэлэг арга хэрэгслийг бий болгох. Монгол Улсын ховор, нэн ховор амьтдыг хамгаалах түншлэлийг бэхжүүлэх. Төсөл хэрэгжүүлэх дөрвөн аймгийн газар нутагт бэлчээр, сэрүүн бүсийн болон заган ойд менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх. Хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Зэрлэг амьтдын тархац нутаг малын бэлчээрийн давхцал, хууль бус агнуурын аюул заналыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Малын тоо толгойгоо цөөрүүлж, бэлчээр, ойд үзүүлж буй ачааллыг бууруулан малчид орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах.

Мал аж ахуйн анхан шатны буюу анхдагч бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, өндөр өртөгтэй зуучлагчдаар дамжуулахгүйгээр зах зээлд илүү дөт аргаар, шууд хүрэх арга замыг бий болгох, малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэн, малчин өрхийн дан ганц мал аж ахуйгаас хамааралтай байх хамаарлыг бууруулах. Бизнесийг дэмжих, хоршоолол, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний болон олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх. Орон нутгийн оролцоо, олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ногоон хөгжлийн бодлогын ач холбогдлыг олон нийтэд таниулах гэхчлэн үйл ажиллагааг тус тус хэрэгжүүлнэ.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр зорилтот газар нутгийн буюу дөрвөн аймгийн 13 сумын 25,613 хүн төслийн шууд ашгийг хүртэх юм. Түүнчлэн биологийн олон янз байдлын хамгаалал, эко системийн үйлчилгээг дэмжих эрхзүйн орчин, санхүүгийн механизм, хэрэгжүүлэх чадавх сайжирсан байна. Мөн төслийн зорилтот газар нутагт буй цоохор ирвэс, хар сүүлт зээр, аргаль хонь, халиун буга, баданга хүдэр зэрэг нэн ховор, ховор амьтан мөн Зүүнгарын улаан гоёоны амьдрах орчныг сайжруулах замаар тархац, тоо толгойг нэмэгдүүлнэ. Биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой газруудад амьтдын нүүдлийн зам нутгийг сайжруулах улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.9 сая.га -аар өргөтгөнө гэж тооцоолж байна.

-“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутагт хэчнээн га газар доройтсон байгаа вэ?

-Төсөл хэрэгжүүлэх газар нутагт 300,000 га доройтсон бэлчээр байна. Харин 20,000 га сэрүүн бүсийн ой, 25,000 га заган ойг нөхөн сэргээх менежментийн сайн арга туршлагыг нэвтрүүлэхээр байна. Төслийн үр дүнд байгаль экологид өөрчлөлт ороод зогсохгүй тэрхүү бүс нутагт амьдарч буй малчин өрхийн орлого дан ганц мал аж ахуйгаас бүрддэг хамаарлыг бууруулан малчдын амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлж, бизнесийг хөгжүүлэх замаар 150 ажлын байрыг бий болгоно.

-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш ямар ажлуудыг хийгээд байна вэ?

-“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд Тарвагатайн нурууны ойн бүтэц, бүрэлдэхүүн, нас, өтгөрөл, нөөц, байгалийн сэргэн ургалтын төлөв байдал зэрэг үзүүлэлтийг тодорхойлох ойн тооллого судалгааг ШУТИС-ийн ой модны сургалт судалгааны хүрээлэнгээс хийгээд байгаа.

Мөн ойн дагалт баялаг болох жимс, самрын тархалтыг тодорхойлж, нөөцийг үнэлэн, судалгааны бүс нутаг тус бүрээр мөн экологийн үнэт ач холбогдол бүхий булаг шандын байршил, биологийн голлох төрөл зүйлийн амьдрах орчин, малчдын өвөлжөө, хаваржааг тодорхойлж зурагласан байгаа. Нутгийн иргэд, нөхөрлөлийн гишүүдийг оролцуулан хийсэн тус тооллогын ажлын үр дүн, зөвлөмжид үндэслэн ойн нөхөрлөлүүдийн болон сум дундын ой ангийн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ онд хийх юм.

Манай төслөөс Тарвагатайн нурууны нөхөрлөлүүдийн ойн талбайд хийсэн тооллогын үр дүнд тулгуурлан зорилтот сумдын засаг захиргаа, нөхөрлөлүүдэд зөвлөмж гаргасан байгаа. Тухайлбал Тарвагатайн нуруунд 2002 онд их хэмжээний газар нутгийг хамарсан ойн түймэр гарч аюул учруулсан. Судалгаа явуулсан дээж талбай бүрд ойн түймрийн ул мөр, сорви, түймрийн харлалт бага болон дунд хэмжээтэйгээр тохиолдож байна. Ойн нөхөрлөлийн хувьд нөхөрлөлийн гишүүдийг ойн зохион байгуулалтын зураглал унших, таних сургалтад хамруулан чадавхжуулах, арчилгааны огтлол хийх анхан шатны сургалтад хамруулах, жимс жимсгэнэ боловсруулах арга ажиллагаанд сургах зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа.

-Төслөөс манай аймгийн зорилтот сумдын нөхөрлөлүүдэд ямар зөвлөмжийг өгсөн бэ?

-“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс судалгааг хамтран зохион байгуулсан Их-Уул, Тосонцэнгэл сумын нөхөрлөл тус бүрд нь зөвлөмж өгсөн байна. Тухайлбал Завхан аймгийн Их-Уул сумын “Дэвшил” нөхөрлөл ойн санг хамгаалах үйл ажиллагааг эрчимтэй сайн хийж байгаа ч ойн сангийн урд талаас хулгайн мод бэлтгэх эрсдэлтэй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй байна. Судалгаагаар 12 дээж талбайн зургаа нь өсвөр ургацгүй, жижиг модны нөөц бага байгаа учир байгалийн сэргэн ургалтыг зориудаар дэмжих үйл ажиллагаа төлөвлөх шаардлагатай байна. Нохойн хошуу, аньс, үхрийн нүд гэх мэт жимсний нөөц ихтэй тул байгалийн дагалт баялаг тогтвортой жигд ашиглах төлөвлөлт хийх нь зүйтэй. Мөн нөхөрлөлийн ахлагч идэвх санаачилгатай, хичээл зүтгэлтэй байгаа ч нөхөрлөлийн гишүүдийн тоо цөөн, оролцоо болон идэвх сул байна.

Харин Тосонцэнгэл сумын Агь-Наранбулаг нөхөрлөлийн хувьд байгалийн жимс, жимсгэний тархалтын талбайг малын бэлчээрлэлтээс зориудаар хамгаалах арга хэмжээ авах. Жимс, жимсгэнэ боловсруулах жижиг үйлдвэрлэл хөгжүүлэх, байгалийн дагалт баялаг таниулах, сурталчлах эко аялал зохион байгуулах нь зүйтэй байна.

Арчилгааны огтлолтыг мөн төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхөрлөлийн гишүүд идэвхтэй, жигд сайн ажиллаж байсан. Тосонцэнгэл сумын Ширээт нөхөрлөлийн хувьд тус нөхөрлөлийн талбайд мод бэлтгэлийн үйлдвэрлэлийг явуулж байгаа тул бэлтгэл явуулах эргэлтийг болон зориудаар ойг нөхөн сэргээх арга хэмжээ төлөвлөх шаардлагатай байна.  Ялангуяа тодорхой хэсэг газарт сэргэн ургалт бага, жижиг модны нөөц бага байгааг анхаарах хэрэгтэй байна.

Харин Тосонцэнгэл сумын Зулзган мод нөхөрлөлийн хариуцдаг талбай нь Тосонцэнгэл сумын мод ашиглалтын үндсэн бүс болж байгаа тул мод бэлтгэл явуулах эргэлтийн талбайг сумын ойн ангитай хамтран төлөвлөж, мөрдөж ажиллах шаардлагатай. Байгалийн сэргэн ургалт эрчимтэй явагдаж байгаа тул арчилгааны огтлолтын болон ойн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж ашиглах, ойжуулалтын ажил явуулах, мод тээврийн замын төлөвлөлтүүдийг тус тус хийж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Төслийн хүрээнд өөр ямар ажлуудыг эхлүүлсэн бэ?

-Төслийн хүрээнд Баданги хүдэр, монгол тарвага сэргээн нутагшуулах газар нутгийг сонгосон байгаа. Байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Дээд хавчиг”-ийн аманд баданга хүдэр сэргээн нутагшуулах нь оновчтой гэж судлаачид үзсэн байна.

Энэ ажлыг 2021 оноос хэрэгжүүлж эхлэх бол монгол тарвагыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хожуулын голын хөндийд сэргээн нутагшуулахаар болсон. Тарвагатайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран 2020 онд тарвага сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулна.

-Төслөөс ерөнхий боловсролын сургуулийн эко клубуудтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн?

-Тийм ээ. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн эко клубтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал зэрлэг ан амьтан, ургамал зэрэг биологийн төрөл зүйлийг хамгаалах, эко системийн үйлчилгээг сайжруулах, хүрээлэн буй орчноо хамгаалах үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубүүдийн оролцоог дэмжин чадавхжуулах зорилгоор хамтран ажиллаж эхэлсэн.

2019 оны 10 дугаар сард Завхан аймгийн байгаль орчны нээлттэй хаалганы өдөрлөгт төслийн зорилтот сумд болох Тосонцэнгэл, Их-Уул сумын сургуулийн “ЭКО” клубын сурагчдын төлөөллийг оролцуулан сайн ажиллаж байгаа эко клубээс туршлага судлуулж эдгээр сурагчид хоёр суманд 300 мод тарьсан. Цаашид төслийн зорилтот сумдынхаа Эко клубын хийж заншсан болон сурагчдын шинээр санаачлан хийж буй байгаль хамгаалах үйлсийг санхүүжүүлэх. Эдгээр клубуудийн үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжин ажиллах. Сургуулийн сурагчдын насны ангилал, онцлогт тохирсон экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах. Эко клубын хүүхдүүдийг сургагч багш болгон бэлтгэх, сурагчдад экологийн мэдлэг олгох, зөв хандлага, дадал хэвшил бий болгох сайн туршлага нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн эко боловсрол олгох олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах, иргэд олон нийтэд чиглэсэн байгаль орчны боловсрол олгох үйл ажиллагаанд сурагчдыг сургаж оролцуулахад хамтран ажиллана.

-Төслийн хүрээнд зарим газар нутгийг хамгаалалтад авах үйл ажиллагааг явуулна гэсэн. Манай аймгийн тухайд ямар газруудыг хамгаалалтад авахаар төлөвлөсөн бэ?

-Тийм ээ. Тухайлбал чухал ач холбогдолтой газар нутгийг тусгай хамгаалалтад авах замаар тэр газар нутгийг хамгаалах юм. Төслөөс сонгогдсон бүс нутгийн биологийн олон янз байдалд чухал ач холбогдолтой газруудыг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч хамгаалах. Газар нутгийн хэмжээг 0.9 сая.га -аар өргөтгөхөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Тусгай хамгаалалтад авах газар нутгийг сонгох, нутгийн иргэдэд түшиглэсэн хэлэлцүүлгийг төслийн дөрвөн аймагт зохион байгуулж иргэдээс санал авч, хамгаалалтад авах 466.755 га газар нутгийн хэмжээ, үндэслэлийг боловсруулаад байгаа. Тухайлбал Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Хүүш ар тал” хэмээх газар 70 мянган га, Тосонцэнгэл сумын Хужирт, Идэрийн голд 150 орчим мянган га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах судалгааны ажлыг хийж, үндэслэл боловсруулаад байна.

-Танай төслөөс байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжинэ гэлээ. Хэрхэн яаж дэмжих юм бэ?

-Төслийн зорилтот сумдын иргэд болон малчдын байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг дэмжинэ. Тухайлбал мал аж ахуй болон байгалийн баялгаас өрхийн орлого нь ихээхэн хамааралтай байдаг малчдын амьжиргааны эх үүсвэрийг тогтвортой, найдвартай болгож, хамаарлыг бууруулахын тулд мал сүргийн тоо толгойноос илүүтэйгээр чанарыг сайжруулах, малчин өрхийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх нь оновчтой шийдэл гэж үзэж байгаа юм.

Тиймээс төслийн бүс нутагт цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн мөн малын гаралтай бус бүтээгдэхүүн жишээ нь ойн дагалдах бүтээгдэхүүн болон эко аялал жуулчлалд суурилан өрхийн амьжиргааг нь дээшлүүлэх боломж байгаа юм. Тиймээс манай төсөл нь төслийн бүс нутгийн сумдын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл зэрэг олон нийтэд суурилсан одоо байгаа болон шинээр байгуулах байгууллагуудад сургалт, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, туршлага судлуулах, тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Тухайлбал өнгөрсөн онд БОАЖЯ-наас зохион байгуулсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаанд төслийн сумдын нөхөрлөл хоршоодын 30 төлөөлөгчийг оролцуулан бүтээгдэхүүнээ борлуулах, бусдаасаа туршлага судлах боломжийг төсөл олгож хамтран ажилласан байна. Улаанбаатар хотноо 2019 оны 11 дүгээр сард болсон тус үзэсгэлэнд төслийн зорилтот аймаг болох Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 13 сумаас малчин, иргэд оролцож мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, ойн дагалт баялгаар хийсэн бүтээгдэхүүнээ борлуулсан. Энэ үеэр малчдын нөхөрлөл хоршоог дэмжиж худалдан авалт хийхийг иргэдэд уриалснаар багагүй борлуулалтыг хийсэн.

Энэ жил мөн дээрх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн зорилтот бүс нутагт амьдарч байгаа малчдын газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахад хувь нэмрээ оруулан бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан  бэлчээрийн  зүй зохистой менежмент хэрэгжүүлж, оршин байгаа газрынхаа бэлчээр, ус, хөрс, ой, ойн дагалдах баялаг, зэрлэг амьтан, ургамал зэрэг байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж байгаа. Байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлдэг, мал сүргээ хариулах, нүүдэл хийхдээ ердийн хөсөг ашиглан уламжлалт соёлоо өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж байгальд ээлтэй малчныг шалгаруулдаг. Тэдэнд урам өгөх, тэдэнтэй хамтран ажиллахад энэ жил илүү анхаарч ажиллана.

-Төслийн хүрээнд Завхан аймгийн зорилтот сумдын нөхөрлөл хоршооны гишүүдийг чадавхжуулах сургалтад хамруулсан байсан?

-Тийм ээ. Төсөл хэрэгжиж байгаа зорилтот хоёр суманд ойг хамгаалах нөхөрлөл хоршоо 7 бий. Ер нь ойг арчилж, цэвэрлэхгүй бол доройтож, хөгширдөг.

Ойд зохих арчилгааг хийгээгүйн улмаас сэрүүн бүсийн ой хөгширч, залуу ой бий болох нөхцөл бүрдэхгүй цаашлаад ойн экологийн тэнцвэр амархан алдагдана. Тиймээс ойн нөөцийг зүй зохистой ашиглах, ойн бүтээмжийг дээшлүүлэхэд арчилгаа, цэвэрлэгээний ажил чухал үүрэгтэй байдаг. Биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой Тарвагатайн нурууны эко системийг хамгаалах ажлын хүрээнд Тосонцэнгэл суманд ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын үзүүлэх сургалтыг тус сумын нутаг дахь "Хуурай ам" гэдэг газар өнгөрсөн жил амжилттай зохион байгууллаа.

Энэ сургалтад төслийн зорилтот сум болох Тосонцэнгэл, Их-Уул сумын ойн нөхөрлөлийн гишүүн, малчид, нутгийн иргэд оролцож ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх аргыг суралцсан байгаа. Арчилгааны огтлолтын дүнд ойн бүтэц, бүрэлдэхүүн сайжирч, ойн нөөц нэмэгдэхийн зэрэгцээ түймэр гарах, хөнөөлт шавж тархах, өвчин үүсэх нөхцөл багасаж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ой үүсэн бүрэлдэхийн зэрэгцээ ойн биомасс нэмэгддэг.

Өөрөөр хэлбэл ойн хомсдол доройтлыг бууруулж улмаар хүлэмжийн хийн шингээлт, хүчилтөрөгчийн ялгаруулалт сайжирна гэсэн үг. Тиймээс дээрх сургалт маш үр өгөөжтэй сургалт болсон. Мөн ойн арчилгаа, цэвэрлэгээнээс гарсан модыг нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн гишүүд авч ашиглан өрхийн хэрэгцээндээ ашиглах, цаашлаад орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, нөхөн сэргээлтэд дэмжлэг үзүүлж чадах, насны хувьд ялгаатай, тэсвэртэй, өгөөжтэй ойн сан бий болгож, нөлөөллийг бууруулах, тогтвортой ой ашиглалтын соёлыг бий болгохын тулд идэвхтэй, уур амьсгалд ухаалаг тогтвортой ойн менежментийг нэвтрүүлэх ажлыг манай төсөл 2026 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Сонирхуулахад, манай орны ой ойролцоогоор 17900 гаруй мянга га газар нутгийг эзэлдэг бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 11.8 хувь нь ой байна. Ойн тооллогын дүнгээс үзэхэд 2004 оноос хойш жил бүр 47,000 га буюу 0.43 хувийн хойд тайгын ширэнгэн ой устаж үгүй болох буюу доройтолд орж байна. Тармаг ойн хувьд эсрэгээрээ эдгээр онд ойролцоогоор 150,000 га буюу 11.3 хувиар нэмэгдсэн нь шигүү ой доройтолд орж, ашиглалт нь өөрчлөгдөж буйтай холбоотой гэсэн судалгаа бий. Тиймээс дэлхийн дулаарлын улмаас ургамлан нөмрөгт өөрчлөлт орж, ойн моддын өсөж хөгжих болон ойн дагалт баялгийн үрлэх, цэцэглэх, жимслэх биологийн үйл явц өөрчлөгдөж байна гэж судлаачид үзэж байна. Түүнчлэн ой бүхий бүс нутагт түймэр, хортон, хөнөөлт шавж гарах үзэгдэл нэмэгдэж байгаагийн зэрэгцээ ойн хомсдол, доройтолд хүний үйл ажиллагаа буюу бэлчээр ашиглалт ч мөн нөлөөлж байгаа юм. Зорилтот сумдын ойн модыг нэлэнхүйд нь огтолсны нөлөөгөөр мод огтолсон талбайн гадаргуугийн усны урсац хаврын улиралд 10-80 дахин, зуны улиралд 2-10 дахин ихэсч, хөрс эвдэрч, ойн ургамалжил нуга, хээрийн ургамлаар солигдон ойн сэргэн ургалтад таагүй нөлөө бүрдэж байгааг тогтоосон. 

Завхан аймгийн нутагт тайгажуу ба цармын бүслүүрийн ой тархаж, тэнд алаг өвс-ритид хөвд, ритид хөвд, алирс-ритид хөвд, сорвоо-ритид хөвд, улалж ритид хөвд, алирс-нэрс-аулакомниум хөвдөт хэв шинжийн шинэсэн ой зонхилж байна. Төв Хангайн ойн насны бүтэц нийлмэл, байгалийн аясаараа солигдсон насны хоёроос гурван үе удмаас тогтдог ба судалгааны талбайд тоологдсон модны 50-иас илүү хувь нь 230-310 насных байна. Иймд тухайн бүс нутагт түүвэрлэх огтлолтыг ашиглах нь зүйтэй юм.

Холбоотой мэдээ