Д.Сумьяабазар: Шатахууны үнийг 200 хүртэл төгрөгөөр үе шаттай буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-19 11:34:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, шатахуун жижиглэнгээр борлуулах үнийг литр тутамд 50 төгрөгөөр, цаашид дэлхийн зах зээлийн ханштай уялдуулан 200 хүртэл төгрөгөөр үе шаттай багасгах чиглэл өгсөн тухай УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэв. 


Шинэ коронавируний халдвар дэлхийн улс орнуудад тархсантай холбоотой олон улсын зах зээлд биржийн ханш унасан. Ингэснээр нэг баррель газрын тос оны өмнө 64-65 ам.доллар байсан бол нэгдүгээр сараас хойш ханш унасаар өчигдрийн байдлаар 28-22 ам.доллар болж буурчээ. Тиймээс эхний ээлжинд өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр бууруулж байгаа аж. Цаашид УУХҮЯ, АМГТГ болон шатахуун импортлогч ААН-үүд хамтран шатахууны жижиглэнгийн үнийг дөрөвдүгээр сарын 15-ныг гэхэд литр тутамд нь 200 төгрөг хүртэл багасгахаар ажиллаж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээлэлдээ онцоллоо. Тэрбээр, “Газрын тосны үнэ зах зээлийнхээ хамгийн доод ханшдаа хүрсэн. 1978 онд 18 ам.доллар байсан бол 2001 онд АНУ-ын ихэр цамхаг халдлагад өртсөний дараа 22-23 ам.доллар болж буурсан. Шатахуун нь ханш өөрчлөгдсөнөөс сарын өмнө импортлогддог. Тиймээс сарын дараах үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурна” хэмээв. 


УУХҮЯ, АМГТГ шатахууны импортлогч ААН-үүдтэй хамтран газрын тосны үнэ түүхэн дэх хамгийн бага үедээ байхад боломжит байдлаар нөөцлөхөөр ажиллаж байгааг мэдээллийн үеэр онцоллоо.

Холбоотой мэдээ