АН-ын зөвлөл эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төсөл өргөн барина

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-03 13:14:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих болжээ. Тус төслийг АН-ын зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат өнөөдөр олон нийтэд танилцуулав.


АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төсөлд Монгол Улсын 2020 төсөвт тодотгол хийж, “COVID-19” халдвараас үүндэн ажилгүй болсон иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар буюу 1.2 сая төгрөг олгох, төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөнийн зардлыг хасах асуудлыг тусгасан байна. Мөн Төвбанкинд Засгийн газрын бондыг арилжаалж, банкуудад санхүүгийн зузаатгал хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох, ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжид Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор тусгажээ. Түүнчлэн Засгийн газраас уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд өмнөх 2 жил төлсөн татварын дунджаар зээлийн баталгаа гаргах, түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэгжүүлэгч компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх нь зөв хэмээн үзсэн байна.


Улмаар дотоодын дээд сургуулийн бүх оюутны 2020-2021 оны сургалтын төлбөрийг чөлөөлөх, малччин, тариаланчдын зээлийн хүү, төлбөрийг хойшлуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүнд зориулсан шинэ зээлийн эх үүсвэр бий болгох асуудлыг тусгажээ. Мөн “COVID-19” халдвартай тэмцэхээр ажиллаж буй эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын алба хаагчид энгийн үед олгодог цалинг гурав дахин нэмж олгох, тусгай дэглэмээр ажиллаж буй төрийн бусад албан хаагчид цалинг хоёр дахин нэмж олгох асуудлыг тусгасан байна.


Төслийг УИХ-д өнөөдөр өргөн барих аж.

Холбоотой мэдээ