Францад өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /TASS/. Дөрөвдүгээр сарын 15-нд үйлчлэх хугацаа нь дуусаж буй
өөрийгөө тусгаарлах дэглэмийг 5 дугаар сарын 11 хүртэл сунгаж байгаагаа Францын
Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.
"Итгэл найдвар аажмаар сэргэж байна. Гэсэн хэдий ч Гранд-Эст, Иль-де-Франс
дүүргүүдэд эмнэлгүүд дүүрэн хүнтэй байгаа учир бид дахин хүчин чармайлт гаргаж,
дүрэм журмаа дагаж мөрдөх хэрэгтэй. Иймээс чанга хэлбэрийн өөрийгөө
тусгаарлах дэглэмийг 5 дугаар сарын 11 хүртэл сунгах хэрэгтэй” гэж Э.Макрон
мэдэгджээ.
Өөрийгөө тусгаарлах дэглэмийн дүрэм журамд өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа Францын удирдагч цохон тэмдэглэжээ.
"Бид хүчин чармайлт гаргаснаар ахиц дэвшил ажиглагдаж байна. Манай эмнэлгийн ажилтнууд, цэргийнхэн, гал сөнөөгчид, эмийн санчид бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Бид онцгой нөхцөл байдалд дасан зохицож, хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүйд хүрээд байгаа билээ” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Хилийг хаалттай хэвээр байлгана
“Шинэ захирамж гарах хүртэл манай улс европын бус орнуудтай хилээ хаасан
хэвээр байх болно. Бид ард иргэдээ хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэрэгслүүдийг ашиглах болно” гэж Э.Макрон мэдэгджээ.
Коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор Шенгений бүсийн хилийг 30
хоногоор хаах тухай Ерөнхийлөгч Э.Макрон 3 дугаар сарын дундуур мэдэгдсэн юм. Европын
холбооны болон Европын бус орнуудын хооронд хийдэг галт тэрэгний хөдөлгөөнийг
мөн энэ хугацаанд түр зогсоож байгааг тэрбээр онцолсон байна. Нэг сарын хугацаагаар хилээ хаахаар болсноо Европын
холбооны төр, засгийн тэргүүнүүд 3 дугаар сарын 17-нд батлан мэдэгджээ.
Шенгений бүс доторх иргэдийн галт тэргээр зорчих хөдөлгөөнд тавьсан
хязгаарлалтыг 5 дугаар сарын 15 хүртэл сунгахыг Европын комисс Европын холбооны
гишүүн орнуудад зөвлөжээ.
Сүүлд мэдээлснээр, Францад коронавирусний улмаас нас барсан хүний тоо 15 мянга орчимд хүрчээ. Тус улсад нэг өдрийн дотор нас барсан хүний тоо 574-өөр нэмэгдсэн байна.
Сургуулиудыг нээнэ
Цэцэрлэг, сургууль, коллеж, лицей зэрэг хэд хэдэн боловсролын байгууллагын
үйл ажиллагааг аажмаар сэргээнэ гэдгээ Э.Макрон мэдэгджээ.
Харин дээд боловсролын байгууллагуудыг зун хүртэл хаалттай хэвээр
байлгахаар болж байна. Засгийн газар хожим нь их дээд сургуулиудын үйл
ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг тодорхой болгох аж.
“Гэрээсээ хол амьдардаг тэр дундаа хилийн чанадаас ирсэн оюутнуудад бид
тусламж үзүүлнэ. Нэмэлтээр санхүүжилт олгох тухай шийдвэрийг сайд нарын зөвлөл гаргах ёстой” гэж тэрбээр ярьсан байна.
Дор хаяж долдугаар сарын эхний хагас хүртэл олон хүн хамарсан томоохон арга хэмжээнүүдийг явуулахгүй гэдгийг Э.Макрон мөн онцолжээ. Энэ тухай тэрбээр мэдэгдэхдээ, цайны газар, кафе, зочид буудал, кинотеатр, музей зэрэг олон хүн цугладаг газруудыг хаалттай хэвээр үлдээнэ гэжээ.
Аялал жуулчлал, урлаг соёлын
салбарт дэмжлэг үзүүлнэ
Аялал жуулчлал, урлаг соёлын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн
нэгжүүд зоогийн газар, зочид буудлын эздэд нэмэлтээр санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ Э.Макрон мэдэгджээ.
Францын 8 сая иргэн одоогоор хэсэгчилсэн ажилгүйдлийн байдалтай байгааг
Э.Макрон сануулан дурдаж, үүнтэй холбогдуулан компаниуд болон ажилтнуудад
санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байхаа амлажээ. Худалдаачид, хувиараа бизнес
эрхлэгчдэд гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу төлөх төлбөрөөс гадна
зээл, түрээсээ төлөх шаардлага тулгараад байгаа билээ. “Үүнтэй холбогдуулан
тэдэнд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, энэ цаг үеийг илүү хялбараар даван
туулахын тулд тусламж авах журмыг хөнгөвчлөхөөр шийдсэн” гэж тэрбээр
хэлжээ.
Эрх баригчид цар тахлын нөхцөлд эдийн засгийг дэмжих төлөвлөгөөний
санхүүжилтийг 100 тэрбум евро болгож нэмэгдүүлэх бодолтой байгаа тухай Францын Эдийн засаг, санхүүгийн сайд Брюно Ле
Мэр өмнө нь мэдэгджээ. Ийм зорилгоор эхлээд 45 тэрбум еврогийн санхүүжилт
гаргахаар төлөвлөж байжээ.