Г.Дашдаваа: Хачигт хазуулж эмнэлэгт хандсан иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-16 14:35:11

Завхан /МОНЦАМЭ/. Хачигт халдвар нь хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин. Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 дугаар сарын турш бүртгэгддэг бөгөөд хачигт халдвар энэ үед ид идэвхжилтэй байдаг ажээ. Тиймээс хачигт халдварын тархалт Завхан аймагт хэр зэрэг тохиолддог. Энэ халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх мэдээллийг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваатай уулзаж тодрууллаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Завхан аймагт хачгаар дамжих халдварын тандалт судалгаа, шинжилгээний болон урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг хийж байгаа юу?

-Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан яг одоо эхэлж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх, тандалт, сургалт сурталчилгааны ажлыг манай төвөөс эхлүүлээд байгаа. Завхан аймгийн хувьд ойт хээрийн бүс бүслүүрийн Тосонцэнгэл, Тэлмэн, Идэр сумын нутаг хачгаар дамжих халдварын байгалийн голомттой. Энэ бүсэд хачигт риккетсиоз, хачигт боррелиозын хүний өвчлөл бүртгэгдсэн. Харин хээрийн бүс бүслүүрийн Асгат, Баянхайрхан сумын нутагт байгалийн голомтын судалгаа, шинжилгээ хийгээгүй, хүний өвчлөл бүртгэгдээгүй байна.

Тавдугаар сарын 4-15 хүртэл 11 хоногийн хугацаатай Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгаа, шинжилгээг хийх, энэ бүс нутгийн хүн амд урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ үеэр Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн сумын нутгийн найман секторын 72000 га талбайд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа, шинжилгээг хийнэ. Мөн байгалийн голомтын идэвхжил, хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдлийг тодорхойлно.

Түүнчлэн Тосонцэнгэл сумын хүн амын дунд халдварлалтын хувийг тогтоох судалгаа, шинжилгээг хийх гэж байна. Мөн Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, эмч, эмнэлгийн ажилчид болон ард иргэдэд сургалт сурталчилгааг хийхээр төлөвлөсөн. Дээрх сумдын эмнэлгийн бэлэн байдлыг шалгаж зөвлөгөө тусламжийг үзүүлнэ.


-Тус аймагт хачигт халдварын тохиолдол хэр зэрэг бүртгэгддэг вэ?

-Өнгөрсөн жил манай аймагт нийт 96 хүн хачигт хазуулж эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн байна. Жил ирэх тусам хачигт хазуулж эмнэлэгт хандсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Зөвхөн эмнэлэгт хандаж шинжилгээ өгсөн нь 96 хүн байна. Эмнэлэгт хандаагүй хэдэн хүн байгааг мэдэхгүй байна. Гэхдээ хазуулсан хүн олон бий байх. Эмнэлэгт хандсан тоо жил бүр нэмэгдэж байгаа учраас тэр. Тиймээс хачигт хазуулсан бол заавал эмнэлэгт хандахыг л иргэдээс хүсэж байна. Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр тууралт гарах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалгийн булчирхай үрэвсэх, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандахаас гадна Ixodes persulcatus хачгийн тархалт ихтэй хачигт энцефалитийн голомттой бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг иргэдэд зөвлөж байна. Гэхдээ манай аймагт бидний хийсэн судалгаагаар энэ халдварыг дамжуулагч хачиг Ixodes persulcatus хачиг болон голомт одоогоор тэмдэглэгдээгүй байгаа юм.

Хачгийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд уул хаданд ажлаар болон зугаалгаар явахдаа өндөр ургамал мод бутнаас зайдуу явах, хачиг ялгарч харагдахаар тод цайвар өнгийн битүү хувцас өмсөх, гутал хувцас руугаа хачиг дайжуулагч цацах, малын ноолуур, ноос авах үедээ хоёр цаг тутамд хачиг биедээ байгаа эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй юм.

-Хачгаар дамжих халдвараас сэргийлэх ажлыг хэрхэн эрчимжүүлж байгаа вэ?

-Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын идэвхжил, хачгаар дамжих халдварт өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт, сурталчилгаа, хүний өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх. Хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах тухай зөвлөмжийг эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлээд байгаа.

Тухайлбал коронавирусний халдварын цар тахалтай холбоотой улс орнууд хилээ хааж, олон улсын тээвэр зохицуулалт удааширч, оношлуурын нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хоцрох нөхцөл байдал үүсээд байна. Иймээс эмнэлзүй бүдэг хөнгөн хэлбэрийн тохиолдлоос цуглуулсан сорьцыг тодорхой хугацааны давтамжтайгаар хуримтлуулан лабораторийн шинжилгээ хийхээр төлөвлөсөнтэй холбогдуулан сорьцын болон эмнэлзүйн менежментийг зохистой төлөвлөн хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/160 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт “Хачгаар дамжих халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн заавар“-ыг мөрдөн ажиллах хэрэгтэй юм.

Мөн орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд хачгаар дамжин халдварлах халдварт өвчний талаар сургалт сурталчилгааны ажил зохион байгуулах. Ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжлох. Хачиг дайжуулагч хэрэглэх, хачигт хазуулах, өвчлөх эрсдэлээс сэргийлэх, “хачгаар дамжих халдвараас сэргийлье” сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулахыг мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байгаа. Манай төвөөс энэ талын сургалт сурталчилгааг цахимаар олон нийтэд болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тиймээс хачиг их тархсан байгалийн голомт болон хүн амын эрсдэлд өртөх газар нутгийн талаарх  мэдээллийг манай төвийн шимэгч судлагч М.Цэгмидээс лавлаж болно. Холбогдох утас нь 99466595.


-Хачигт хазуулсан, хачиг наалдсан тохиолдолд эмнэлэг ойр байхгүй бол яах вэ?

-Хувцас, биед наалдсан, шигдсэн хачгийн хошууг үлдээхгүй авах хэрэгтэй. Хачгийг авах аргын дагуу зөв авч салгасан хачгийг тагтай саванд хийж дагалдах бичгийн хамт Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэх ёстой. Мөн сумын эрүүл мэндийн төвүүдэд хачигт халдварын сэжигтэй тохиолдлын урьдчилсан оношийг тодорхой гаргаж мэдээлэх. Хачгаар дамжих халдварт өвчний тархвар судалгааны хуудсыг бүрэн гаргацтай бичих. Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны A/160 дугаар тушаалын “Хачгаар дамжих халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн заавар“-ын 1.8, 2.7, 3.7 заалтуудыг баримтлан  анхан цусны ийлдсийг хачигт хазуулснаас хойш 10-14 хоногт, давтан цусны ийлдсийг анхан цусны ийлдсийг авсан өдрөөс хойш 14-21 хоногт Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэх. Хачигт халдварын сэжигтэй тохиолдлыг Зоонозын өвчин судлалын төвийн 70462432, Халдвар судлагч эмчийн 92030222 гар утсанд тус тус яаралтай мэдээлэхийг зөвлөж байна.


-Манай улсад хэдэн төрлийн хачигт халдвар байдаг вэ?

-Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг халдварыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн байдаг. Хачгаар дамжих халдвар нь хачгийн идэвхтэй үетэй давхцаж буюу 4-10 дугаар сард идэвхэждэг. Хачигт энцефалит өвчин вирусээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, унах татах, саажих зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Манай орны найман аймгийн 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Харин хачигт боррелиоз өвчин нь нянгаар, иксодын төрлийн хачгаар дамждаг. Төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөч өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалгийн булчирхайн үрэвсэл, хачигт хазуулсан газарт үрэвсэх зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин 12 аймгийн 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс хачигт энцефалит нь хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.

-Хачгаар дамжих халдвараас хамгаалах ямар зөвлөмж өгөх вэ?

-Халдварын голомттой газраар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байхыг зөвлөж байна. Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд гурваас дөрвөн цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах. Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх. Биед шигдсэн хачгийн хошууг арьсанд үлдээхгүйн тулд ганхуулж, болгоомжтой сугалан авах. Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт зорчихдоо хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.

Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах. Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэхийг зөвлөж байна.  

 

 

Холбоотой мэдээ