Ерөнхий гүйцэтгэгчээр “Дархан-Ус суваг” ХХК ажиллана

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-04-17 12:51:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байна. Утаагүй Дархан хотыг бий болгохын төлөө дэд бүтцийг шийдэж, амины орон сууцнуудыг бий болгох зорилгын хүрээнд 394 айл бүхий хорооллын дэд бүтцийн ажлыг эхлүүллээ.  Төлөвлөгөөг бодит хэрэгжилт, ажил болгохоор бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлэхээр төслийн ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй аймгийн Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх, 31 дүгээр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх “Дархан Ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ариундалай нар гэрээнд гарын үсэг зурах, шав тавих үйл ажиллагаа боллоо.  Шинэ суурьшлийн энэхүү бүсэд барих амины орон сууцны хорооллын шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд нарын удирдлагууд, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Тавдугаар сарын нэгнээс наймдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх ёстой ч орон нутгийн байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих, дотоод нөөц боломжоо ашиглан хэрэгжүүлж буй уг төслийг гүйцэтгэгч Дархан-Ус суваг ХХК 45 хоногийн хугацаанд дуусгахаар төлөвлөжээ.

Тус хорооллыг барьж байгуулах ажил нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 08 дугаар тогтоолоор 31 дүгээр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж, Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэр, 31 дүгээр хороололд шинээр 74 га газарт орчин үеийн шийдэл бүхий амины орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн аж.

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн орчин үеийн шийдэл бүхий амины орон сууцны хороололд 394 өрхийн 1300 гаруй иргэн инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрах боломж бүрдэж байгаа юм.

Газар олголтын тухайд иргэдэд эдийн засгийн хүндрэл учруулахгүйгээр шийдэж, арван сая төгрөгт багтаасан аж. Ингэсэнээр иргэд хүсэлтээ өгч, өргөдлийн дарааллын дагуу шийдэж, инженерийн шугам, дэд бүтцэд холбогдсон газар авах боломж бүрдэж байгаа юм. Төлбөрийн тухайд ХААН, Худалдаа хөгжлийн банкинд данс нээгдсэн аж. Төслийн нийт төсөвт өртөг нь 3 тэрбум 940 сая төгрөг ажээ.

Холбоотой мэдээ