Ж.Энхбаяр: Цар тахлын үед иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-23 13:15:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Төсөл санаачлагч гишүүн Ж.Энхбаяр танилцуулгадаа, коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 2.5 сая хүн өвдөж, манай улсад 35 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий дахинд дэгдсэн энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байгааг дурдав.  Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу 4 бүлэг 19  зүйлтэй хуулийн төсөл боловсруулжээ.

Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ. Тухайлбал, СОVID-19 цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаар тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн СОVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.


Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ.


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, хорио цээрийн үед тэргүүлэх зэргийн багш нараар цахим болон теле хичээлийг зохион байгуулж байгааг тэмдэглээд, өмнө нь урт хугацаанд ийм зохицуулалт хийсэн туршлага байгаагүйг тодотгов. Сүүлийн үед цахим болон теле хичээлийг зохион байгуулалттайгаар харлуулах, ташаа мэдээлэл тараах болсныг онцлоод, хуулийн төсөлд худал, ташаа мэдээлэл тараасан этгээдэд хариуцлага тооцох санкц суулгах боломж байгаа эсэхийг тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Энэ хуулийн төслийн 7.1.9-т ЕБС-ийн сургалтыг хязгаарласан тохиолдолд онлайн болон бусад зайны сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, хяналт тавихыг боловсролын яаманд үүрэг болгосон. Цар тахлын үед зайн сургалтыг хэрэгжүүлэх явцад олон нийтийг төөрөгдүүлсэн ташаа мэдээллийг цахим орчинд түгээх нь их болж байна. Цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор худал, ташаа мэдээ тарааж байгааг таслан зогсоох зохицуулалт хийхийг цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-нд үүрэг болгосон. Энэ үйлдэл, хандлага ихэссэн тохиолдолд цахим хандалтыг багасгах эрхийг мөн олгосон. Эдгээр байгууллага нь хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгой үүрэг хүлээж байгаа хэмээв.


УИХ-ын гишүүн Б.Жавхлан, хилийн чанадад байгаа монгол иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгасныг лавлав.


УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр хариулахдаа, УОК, Засгийн газар одоогоор ямар нэгэн хуулийн зохицуулалтгүйгээр, практикт тулгуурлан гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгааг тэмдэглэв. Тиймээс хуулийн төсөлд, УОК, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд гадаадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар зохицуулсан гэлээ. Мөн цар тахлын үед ҮАБЗ, УОК, Засгийн газар, яам, аж ахуйн нэгжүүд ямар үүрэгтэй ажиллахыг дэлхийн улс орны жишиг болон өнгөрсөн хугацааны туршлагад үндэслэж нэг бүрчлэн тодорхой тусгасныг цохон тэмдэглэв.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, "Гадаадад байгаа иргэдийн асуудал хүнд байна. Тэднийг татан авахтай холбоотой асуудлыг хуулийн төсөлд тодорхой оруулах хэрэгтэй. Ингэхдээ гадаадаас ирүүлж байгаа иргэдийн санал, хүсэлтийг харгалзах нь зүй" хэмээн санал хэлж байв. Мөн тэрбээр, УИХ-ын сонгуулийн үеэр, хорио цээрийн дэглэм хэвээрээ байвал сонгуулийг сурталчилгааг хэрхэн зохицуулахыг хуульд тусгах шаардлагатай гэдгийг хэлж байв. Учир нь Сонгуулийн тухай хуулиар сурталчилгааг уулзалт, цуглаанаар хийхээр тусгасан гэдгийг тэмдэглээд, энэ нь цар тахлын үед эрсдэл болно хэмээн анхааруулав. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулиас өмнө нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон. Тиймээс Цар тахлын эсрэг хуульд уулзалт цуглааныг хориглосон тохиолдолд цахим болон телевизээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжийг нээж өгөх хэрэгтэй гэсэн санал хэллээ. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариулахдаа, "Гадаадад байгаа иргэдэд туслахтай холбоотой төслийн 15.2-т зохицуулалт оруулсан. Ингэхдээ, хандивын хөрөнгийг тусгай журам гаргаж гадаадад байгаа иргэдэд зориулах юм. Төсөл батлагдсаны дараа Засгийн газраас хандиваар цугласан хөрөнгийг гадаадад байгаа иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад үндэслэн захиран зарцуулах журмын боловсруулна" гэлээ.  


Харин олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон ч Сонгуулийн тухай хууль энэ хуулийн үйлчлэлд огт хамаарахгүй гэдгийг УИХ-ын гишүүн, төсөл санаачлач Х.Нямбаатар хариултдаа тэмдэглэв. Зөвхөн дайны болон онц байдлыг УИХ-аар тогтоосон тохиолдолд сонгууль хойшлуулах аж. Сонгуулиас өмнө нэг жилийн дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй байхаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгаж баталсан. Тиймээс сонгуулийн сурталчилгааны уулзалтыг хязгаарлахтай холбоотой зохицуулалт оруулах боломжгүй, харин ЭМЯ-наас сонгуулийн үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг СЕХ-нд хүргүүлсэн байна билээ хэмээн хариуллаа. 


Мөн УИХ-ын гишүүн, төсөл санаачлагч Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулахдаа, хуулийн төслөөр Засгийн газарт төсөв санхүүгийн онцгой эрх олгохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгалаах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн үед шаардлагатай хөрөнгийг шуурхай шийдвэрлэх боломж олгоно. Ингэхдээ, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд тухайн жилийн батлагдсан төсвийн зарлагыг нэмэхгүйгээр  хөрөнгийн болон урсгал зардалд зохицуулат хийх онцгой эрх өгсөн. Мөн Монголбанканд мөнгөний бодлогоор дамжуулан гадаад, дотоодын валют бүрдүүлэх, банк санхүүгийн байгууллагыг хямралаас авч гарахад шаардлагатай шийдвэр гаргах эрх, үүргийг бий болгосон. Энэхүү нэг удаагийн хуулиар эрхийг нь олгоод, УИХ-ын түр хороо байгуулж хяналт тавина. 


Мөн хуулийн төсөлд, Монгол Улсын иргэний хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн. Тус хуульд иргэний тодорхой эрх, эрх чөлөөг хязгаарлаж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг чангатгаж байгааг дурдав. Тэрбээр, "Цар тахлын нөхцөл байдал эргэн тойронд хүндэрч байна. Нийгэм, эдийн засгийн хямралт нөхцөл байдал үүссэн. Энэ сорилыг зохион байгуулалттай, эмх цэгцтэй байснаар даван туулна. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар цар тахлын үед иргэний үүрэг, хариуцлагыг тодорхой тусгасан. Дарга ч бай, цэрэг ч бай ялгаагүй, хамгийн дээд талдаа гурав хүртэлх жилээр хорих ялтай байхаар хариуцлагыг чангалсан" хэмээлээ.


Үүний дараа төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Б.Сарангэрэл, Д.Оюунхорол үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ гишүүдийн хэлсэн саналыг тусгаад явах хэрэгтэй гэдгийг тодотгов. Тэрээр, иргэдээ татаж авах асуудалд Засгийн газар, УОК-оос нөөц боломжоороо ажиллаж байгааг тэмдэглэв. Хамгийн сүүлд ОХУ-аас 282, БНХАУ-аас 50 гаруй иргэнээ татан авсан, одоо БНСУ, цаашлаад Европын улс руу тусгай нислэг явуулж иргэдээ татан авахаар төлөвлөж байгааг дуулгав. Тэрээр, Өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг сунгавал сонгуулийн хуулийг дагах, эсвэл энэ хуулиа мөрдөх эсэхийг зохицуулах шаардлагатай гэсэн санал хэллээ. Мөн гэрээсээ ажиллах, ажлын байрыг хадгалах зэргийг тодорхой тусгаж өгөх хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. 


Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядууралтай, хөдөлмөрийн насны иргэдийн 30 хувь нь ажилгүй байгааг тэмдэглэв. Тэрбээр, цар тахлын үед ядууралд өртсөн, ажилгүй иргэдийн нөхцөл байдал илүү хүндэрнэ. Тиймээс эдгээр хүмүүст хандсан бодлогыг хуулийн төсөлд тусгах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, амны хаалтаар хангах зэрэгт анхаарч хуулийн төсөлд тусгах хэрэгтэй гэлээ. Тэрбээр, "Хуулиараа, сонгууль цаг хугацаандаа явахаас өөр арга байхгүй. Гэхдээ БНСУ-ын туршлага бий. Саналын хуудсаар саналаа өгч байна билээ. Хуульдаа онцгой нөхцөлд сонгуулийг хэрхэн явуулах, хариуцлага хүлээлгэх, хурууны хээгээ дарсан хүний аппаратыг хэрхэн ариутгах, хүмүүс хооронд барих зай зэргийг тусгах санал гаргаж байна" хэмээв. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хоол хүнсний хангамжийг олон хүүхэдтэй эхэд олгох заалтыг хуулийн төсөлд тусгах санал гаргалаа.


Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулан, байр сууриа илэрхийлсний дараа COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 69.1 хувийн саналаар уг хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ