Бялдаржуулах төв, фитнес клубуудын үйл ажиллагааг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-04-30 11:43:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн зарим заалтыг үндэлсэн “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг, аймгийн Онцгой комиссын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн дараах захирамжийг гаргалаа.

Үүнд аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг үндэслэн аймгийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг өглөөний 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл явуулахыг зөвшөөрлөө. Тус захирамж батлагдан гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/136 дугаар захирамжийн нэг дэх хэсгийг хүчингүй болгожээ.

Мөн иргэдийн эрүүл мэнд болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн спорт заалнаас бусад заал, бялдаржуулах төв /фитнес/, иогийн клуб болон бүжгийн сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нээж, өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл ажилуулахаар болжээ.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үйлчлүүлэгч /18 нас хүрсэн/-ийн болон ажиллагсдын биеийн халууныг хэмжиж нэвтрүүлэх, гар ариутгах, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам хийх, иргэд, үйлчлүүлэгчдийг нэг дор 10-аас дээшгүй байхаар зохицуулалт хийж, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан, зөвлөмж, шаардлага, стандартыг хатуу мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ