Асуудал дагуулсан хуучин гармыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-30 17:50:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хэд хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил бусад албаны хүмүүсийн хамт Сүхбаатар сумын 8-р баг буюу 25-р гармын иргэдтэй уулзаж, тулгамдаад буй асуудлыг нь шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгдээд байсан.

Тэгвэл энэхүү асуудал шийдэгдэж, Төмөр замын 25-р гармыг өнөөдрөөс эхэлж нээлээ. Энд Сүхбаатар сумын 8-р баг буюу 25-р гармын нийт 800 орчим иргэн, байгууллагын эрх зөрчигдөөд байсан юм.

Тухайлбал гарам хааснаар дээрх иргэдийн нэвтэрч байсан гүүрэн доорх гарц нь голын голдрилыг алдагдуулах, яаралтай тусламжийн машин техник багтахгүй, иргэд яаралтай тусламж авч чадахгүйд хүрсэн зэрэг олон хүндрэл тулгараад байв. Энэхүү асуудлыг шийдвэрлэж, хуучин гармыг нээж өгөх асуудлаар тус багийн иргэд удаа дараа аймаг орон нутгийн удирдлага, цаашлаад УИХ-ын гишүүдэд хандан саналаа хүргүүлж байсан аж. Тус багийн иргэдийн санал хүсэлт биеллээ олж хуучин гарам ийн нээгдэж, хүндрэл үүсээд байсан асуудлууд нэг мөр шийдэгджээ. Аймгийн дарга тухайн үед иргэдтэй уулзаж байхдаа “Гармыг буцааж хэвийн ажиллагаанд оруулна. Бид иргэнээ бодох ёстой” хэмээн хэлж байсан нь бодит ажил боллоо. 


Холбоотой мэдээ