Коронавирусийг лабораторид гарган авсан тухай мэдээлэл байгаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-01 08:28:07

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийг Хятадын Ухань хотын лабораторид гарган авсан гэж хэлж болох мэдээлэл байгаа гэж мэдэгджээ.


"Тийм ээ, надад ийм мэдээлэл бий" хэмээн тэрбээр баттай нотлох мэдээлэл байгаа юу? гэсэн асуултад хариулахдаа хэлжээ.  Гэхдээ Цагаан ордны тэргүүн нууцад хамаарах учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.


Трампын энэхүү мэдэгдэл нь АНУ-ын үндэсний тагнуулын газрын мэдэгдэлтэй зөрж байгаа юм. Коронавирусийг хиймлээр гарган аваагүй, генийн өөрчлөлт ороогүй гэж үзэж байгаа эрдэмтэдтэй санал нэг байна гэж АНУ-ын тагнуулын газар пүрэв гарагт мэдээлжээ.


Трамп болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь вирусний гарал үүслийн талаар ил тод мэдээлэл өгөхгүй байна гэж БНХАУ-ыг нэг бус удаа буруутгасан билээ. Уг вирус аюултай халдварт өвчнийг судалдаг, Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс “алдагдсан байж болох эсэх” талаар мэдээлэл өгөхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бээжинд удаа дараа уриалсан юм.   


АНУ-ын Ерөнхийлөгч мөн коронавирусийг Ухань хотын лабораторид гарган авсан гэх хувилбарыг Америкийн тал шалгаж байгаа бөгөөд гарал үүслийг нь тогтоохыг зорьж байна гэж мэдэгджээ. Коронавирусний халдвар авсан анхны хүн Ухань хотын лабораторийн ажилтан байсан гэж "Fox News" телевиз дөрөвдүгээр сарын 15-нд мэдээлсэн байна. 


Харин Хятадын ГХЯ-наас хариу мэдэгдэхдээ, халдварын тархалтын талаар мэдээлэхдээ анхнаасаа нийтэд нээлттэй, хариуцлагатай байр суурь баримталж ирсэн гэжээ.


Шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд албан ёсоор зарласан билээ. Тус байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар 3.1 сая орчим хүн халдвар авч, 217 мянга гаруй хүн нас баржээ.  

Холбоотой мэдээ