Мадуро: Төрийн эргэлт хийх гэж байсан хөлсний цэргүүдийг баривчилсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-05 12:19:59

БОГОТА. /TASS/. Венесуэлд төрийн эргэлт хийх гэж байсан хөлсний 13 цэргийг баривчилсан гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагт Каракаст үг хэлэх үеэрээ мэдэгджээ.


“Бид 13 террористыг баривчилж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ ашиглах гэж байсан материалуудыг хурааж авсан бөгөөд мансууруулах бодис, доллар, зэвсэг, хиймэл дагуулын утас, радио, шөнийн харааны төхөөрөмжүүд олдсон” гэж Мадуро мэдэгдсэнийг Венесуэлийн төрийн телевизээр шууд дамжуулжээ. Гэмт хэрэгтнүүдийг барьж авахад оролцсон бүх хүнийг шагнаж урамшуулна гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.


Боливарын бүгд найрамдах улсад төрийн эргэлт хийх гэж байсан хөлсний цэргүүд  Колумбаас нэвтрэх гэж байсныг таслан зогсоосон гэж Венесуэлийн эрх баригчид энэ сарын 3-нд мэдээлжээ. Тус улсын Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельогийн хэлснээр, хөлсний цэргүүд завиар Венесуэлд нэвтрэхийг оролдсон байна.


Венесуэлийн эрх баригчдын дээрх мэдэгдлийг Колумбын эрх баригчид няцаасан юм. Венесуэлийн эрх баригчид дотоод асуудлаа анхаарлын төвөөс холдуулахын тулд Боготаг үндэслэлгүй буруутгаж байна гэж Колумбын эрх баригчид мэдэгджээ.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа тус улсад байдал хурцадсан юм. АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин Мадурог дэмжиж буйгаа ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс илэрхийлсэн билээ. 


Холбоотой мэдээ