Төв гудамжны 5 мянган м.кв талбайд тохижилт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-18 14:26:24

Ховд |МОНЦАМЭ|. Ховд аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж байна.

Ховд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг Хот тохижилтын газрын хамт олон хариуцлагатай гүйцэтгэж буй.

Тэдний ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрчид идэвхтэй дэмжиж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, “Шинэ Ховд” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, УЦУОШГ, ХХҮГ, БТСГ, ГХБХБГ, ОНӨГ, Татварын хэлтэс,  Ник петровис компани зэрэг байгууллага хамтран Гудамж талбай тохижуулах төсөл хэрэгжүүлж байна.  

Энэ хүрээнд хотын төв хэсгийн гудамж болох хуучин нисэх буудал дагуу 5 мянган м.кв талбайн тохижилт үйлчилгээг хийж байна. Улмаар тус гудамжинд ургахаа больсон, олон жилийн настай, өнгө үзэмж алдагдсан модыг үндсээр нь гарган авч, хөрсийг дахин сэргээж, шинээр 1500 ширхэг гацуур, шар хуайс, хайлаас, монос зэрэг мод суулгаж, зүлэгжүүлэх ажил хийв.

Ийнхүү шинээр байгуулсан ногоон байгууламжийг хамгаалах төмөр  хашаа,  хашлагыг “Гулзат майнинг” компани хариуцан гүйцэтгэсэн.

Цаашид тус гудамжны явган хүний гарцыг сайжруулах, амрах зориулалт бүхий талбай байгуулах зэргээр өнгө үзэмжийг сайжруулах аж.

Мөн шинээр суулгасан модны усалгаа, арчилгааг дээрх байгууллагууд ирэх намар хүртэлх хугацаанд хариуцан ажиллаж, Хот тохижилтын газарт хүлээлгэн өгнө. 

Холбоотой мэдээ