Сумдад “Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-20 17:14:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн 19 сумын Засаг даргын Тамгын газар болон Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд төрийн мэдээлэл солилцооны “Хур систем”-ийг нэвтрүүлж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, “Хур систем” нэвтрүүлэх төслийн нэгжтэй хамтран суманд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний ажилтнуудад сургалт хийж, “Хур систем”-ийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна. Ингэснээр ТҮЦ машинаас авдаг бүх төрлийн лавлагааг иргэд гар утас, компьютерээс хэвлэн авах боломжтой боллоо. Тодруулбал, “Хур систем”-ийг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй аймгийн аль ч нутаг дэвсгэрээс төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдэж байгаа ба эхний шатанд 11 байгууллагын 54 үйлчилгээг нэвтрүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл” хэрэгжиж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэх, цахим хэлбэрээр төрийн үйлчилгээг үзүүлэх ажил орон даяар өрнөж байгаа аж.



Холбоотой мэдээ