Ж.Хашоггийн амийг хөнөөсөн хүмүүсийг уучилсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-22 14:28:37

ЭР-РИЯД. /Anadolu/. “Бид аавынхаа амийг хөнөөсөн хүмүүсийн уучилсан” гэж Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн гэр бүл өнөөдөр мэдэгдсэн байна.


“Ариун сарын ариун өдөр тохиож буй энэ өдөр бид “Аллах уучилж өршөөсөн нэгнийг шагнадаг” хэмээх үгийг санаж, аавынхаа амийг хөнөөсөн хүмүүсийг уучилж буйгаа мэдэгдэж байна” гэж Ж.Хашоггийн хүү Салах Хашогги “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


АНУ-ын “Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар луу орсны дараа амиа алдсан юм. Эр-Риядын засаг захиргаа Ж.Хашоггийг Консулын газарт амиа алдсаныг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө түүнийг алга болсонтой холбогдуулан янз бүрийн тайлбар өгсөн байна.


НҮБ-ын мэргэжилтэн Агнес Калламард уг хэргийн талаар судалсны дүнд Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман болон бусад өндөр түвшний төлөөлөгчдийг мөрдөн шалгах хэрэгтэй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Саудын Арабын эрх баригчид угсаа залгамжлах хунтайжийг уг хэрэгт оролцсон гэх мэдээллийг няцаасан байна. Ж.Хашоггийн амийг хөнөөх хэрэгт оролцсон таван хүнд цаазын ял ногдуулсан талаараа Саудын Араб өнгөрсөн оны сүүлээр мэдэгджээ.  

Холбоотой мэдээ