Үндсэн хуульд оруулсан шүүхийн хараат бус байдлыг хангах нэмэлт, өөрчлөлт
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлт өнөөдөр 11.40 цагаас хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн мэдүүлж, батлуулсан уг нэмэлт өөрчлөлтийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангатай холбоотой, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн хэсэгтэй боловсруулжээ.
Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдлыг танилцуулъя.
1. Шүүхийн ерөнхий зөвлөл
Хуучин заалт: 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Өөрчилсөн заалт: 49.5. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
Ач холбогдол: Шүүгч чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлнэ. Мөн ШЕЗ-ийн үйл ажиллагааны ил тод байдал хангагдана.
2. Шүүхийн сахилгын хороо
Нэмсэн заалт: 49.6. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
Ач холбогдол: Шүүхийн сахилгын хороог шинээр Үндсэн хуульд зааж өгч байгаа нь шүүгчийн хариуцлага, сахилгын тогтолцоог тогтвортой, тодорхой болгож байна. Шүүгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг бие даасан хараат бус байгууллага эрхлэх болсноор, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
3. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулах
Хуучин заалт: 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
Өөрчилсөн заалт: 48.1. Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
Ач холбогдол: Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй болгох, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой.
Парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Үндсэн хуульд оруулсан гүйцэтгэх засаглалтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
Үндсэн хуульд оруулсан нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлт