Эм зүйн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-27 12:15:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд 14 уламжлалт эмчилгээний эмчийг бэлтгэн, эмчилгээний практикт эмийн бус эмчилгээг нэвтрүүлэн 15-20 нэр төрлийн уламжлалт эмийг 25  эмийн сангаар худалдаалж,  эм зүйн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүллээ гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

- Аймгийн хэмжээнд  эм ханган нийлүүлэх байгууллага 2, эмийн сан 36 ажиллан, эрүүл мэндийн байгууллага болон хүн амыг чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй ханган, эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн ажиллаж байна. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авч эмийн хангамж хүртээмжийг нэмэгдүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажилласнаар аймгийн хэмжээнд яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж 96.0, зайлшгүй шаардлагатай эмийн хангамж 86.2 хувьтай байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Эрүүл мэндийн болон Эм хангамжийн байгууллагуудын эмийн чанар аюулгүй байдалд 44 удаагийн дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган зөвлөмж хүргүүлэн хэрэгжилт үр дүнг тооцон  ажилласан байна. Хүн амын дунд “Эмийн зохистой хэрэглээ”-г төлөвшүүлэх 3779 удаагийн сургалтыг зохион байгуулж 17491 хүнийг хамруулжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар эмийн гаж нөлөөний 25 тохиолдол бүртгэгдэж, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ