Хотын захирагч С.Амарсайхан дэлхийн хотууд болон орон нутгийн удирдлагын холбооны хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-30 12:45:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын Гүйцэтгэх хорооны албан ёсны хурал өчигдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцлоо. 


Хуралдаанд "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага"-ын ерөнхийлөгч Мохамед Боудра, ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маймунах Мохт Шариф, Ромын хотын дарга, Барселон хотын Захирагч, Эмилиа-Ромагна хотын ерөнхийлөгч, Сурабая хотын дарга, Монтевидео болон Сурабаяа хотын дарга, Газиантеп, Женев, Уагадугу, Сала, Полокване хотын захирагчид, Имбабура мужийн Ерөнхийлөгч, Лиссабон хотын орлогч дарга нар оролцжээ.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хурлын үеэр, “Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй асуудал нь дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг нотолж байна. Энэ асуудлын хүрээнд нэн шаардлагатай арга хэмжээ бол дэлхийн шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын оролцоог хангах явдал юм. Олон улсын гэрээг орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаатай зөвшилцөн боловсруулж, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийг багтаасан байх хэрэгтэй. Нутгийн засаг захиргааны байгууллагуудыг НҮБ-ын удирдах байгууллагад төлөөлөн оролцуулах саналтай байна. Хотын захиргааны байгууллагуудыг үндэсний хэмжээнд шийдвэр гаргах тогтолцоонд оруулах нь мөн чухал юм. Жишээлбэл, үндэсний зөвлөлд тодорхой хотын ажлын хэсэг байгуулах замаар бид шууд засаглалаас олон шатны засаглал руу шилжиж орон нутгийн бүс нутгийн болон үндэсний засгийн газрууд тэгш түншийн үүрэг гүйцэтгэж, харилцан ойлголцлын чиглэлээр ажиллах хэрэгтэй” гэсэн юм.



Мөн коронавирусний тахлын үед татварын дарамтыг бууруулах чиглэлээр бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээ авсан. Гэсэн ч энэхүү татварын хөнгөлөлт нь улсын төсөвт орж буй татвартай холбоотой биш, харин багасгасан бүс нутгийн болон орон нутгийн татварууд юм. Цаашид иргэдийг дэмжих арга хэмжээг хотын захиргааны төсвөөс бус үндэсний сангаас хэрэгжүүлэх нь зүйтэй. Хяналтгүй хотжилт, түгжрэл, тахал, байгаль орчны доройтол зэрэг чухал асуудлуудын ихэнх нь том хотуудын өвөрмөц шинж чанартай байдаг. Нийслэл хотуудын ачааллыг бууруулахын тулд хөгжлийн чиглэлийг жижиг, дунд хот руу чиглүүлэх хэрэгтэй. Ажлын байр, дэд бүтцийг бий болгох, жижиг хотод соёл, нийгмийн төсөл хэрэгжүүлэх нь ажилгүйдэл, залуучуудын гадагшлах асуудлыг шийдэх болно. Үүнтэй ижил бэрхшээл нь хотуудын амьдралыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг хөдөө орон нутгийн хувьд хамаатай юм. Тогтвортой байдлын хувьд янз бүрийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой талаар хэлжээ.


"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240  гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус  байгууллага нь  Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрх дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис  зэрэг 7 бүс нутагт  салбаруудтай аж. Улаанбаатар хотын  хувьд энэхүү байгууллагад 2018 онд гишүүнчлэлээр элсжээ.


Энэхүү байгууллагад нэгдсэнээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах  нь бусад хотын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ