Нэр дэвшигч эмэгтэйчүүд бие биеэ гүтгэхгүй байхыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОЦНАМЭ/. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж буй эмэгтэйчүүдэд хандан "Шударгаар өрсөлдье" хэмээх уриалга гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил хууль ёсоор өчигдөр эхэлсэн. Ердөө 24 цаг өнгөрч байхад нэр дэвшигчид бие биенийгээ гүтгэх, доромжлох, харлуулах байдал идэвхжих хандлагатай байна хэмээн АЭХ-ны тэргүүний зөвлөх Ж.Баярмаа мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудал тулгамдсан энэ үед эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцох шаардлагатай байна. УИХ-д эмэгтэй гишүүд олноороо сонгогдож байж нийгмийн асуудлыг цогцоор нь шийднэ. Тиймээс эмэгтэйчүүд бие биенийгээ гүтгэхгүй, доромжлохгүй байх нь олноороо сонгогдоход дэм болно гэж үзэж байна" хэмээв.
УИХ-ын 2020 оны сонгуульд нам, эвслээс болон бие дааж буй нийт нэр дэвшигчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд байгааг АЭХ-ны дэд тэргүүн Д.Оюунжаргал онцлоод, "Шударга өрсөлдье" уриалгыг уншиж, сонордуулав.
Уриалгад, "Нэр дэвшиж буй эмэгтэйчүүд сонгуулийн сурталчилгааны явцад бие биеэ гүтгэх доромжлох харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийхгүй байхыг үлгэрлэн харуулах,
Бусад нэр дэвшигчдийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг явуулах элдэв гүтгэлэг дайралтыг түгээж дэлгэрүүлэхгүй байх,
Иргэд сонгогчдын амьдралын боломжгүй байдлыг ашиглан санал худалдан авах, аливаа ажиллагааг эрс эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх,
Өөрсдийн сонгуулийн ажилтнууд болон сонгуулийн бүх шатанд ажиллах төрийн албан хаагчдыг шударга хариуцлагатай хуулийн дагуу ажиллахыг уриалж байна" гэжээ.