Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн зам тавих бэлтгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөний хүрээнд, Яармаг-Зайсан-Маршалын гүүр чиглэлийн найман байршилд 52 км дугуйн замыг тавих ажил үргэлжилж байна.
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замыг тавих бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийж эхэллээ. Хэмжилтийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж
байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан дугуйн
замын ажлын явцыг шалгаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагийн хэлснээр Налайх-Яармагийн чиглэлийн дугуйн замыг хэмжих ажлыг Налайх, Яармагийн болон Гачууртын замын уулзвар гээд гурван талаас нь хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө дуусгана гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, “Дугуйн замын ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай. Туслан гүйцэтгэгч компаниудыг яаралтай ажилд нь оруулж, ажлыг нь эхлүүлэх ёстой” хэмээв.