Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар “Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” түншлэлийн баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Тус баримт бичигт Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030"-д тусгасан тэргүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн зорилтуудыг үндэслэн:
1. Өрх бүр боломжийн үнэтэй, тэжээллэг, эрүүл хүнс хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх;
2. Газар тариалан болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортойгоор сайжруулах;
3. Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, идэвхжүүлэх;
4. Байгалийн нөөцийг зохистой, тогтвортой менежментээр ашиглах;
5. Тогтвортой хөдөө аж ахуйн системийг бий болгох зэрэг үндсэн таван чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.