Бээжинд 36 тохиолдол шинээр бүртгэгдэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-15 11:35:57

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын Фөнтай дүүрэгт байрладаг Шиньфади хүнсний бөөний захаас коронавирусний халдвар дэгдэж эхлэн өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд дотоодын гаралтай шинээр халдвар авсан 51 тохиолдол бүртгэгдлээ.

            Тэгвэл өчигдөр тус хотод коронавирусээр халдварласан 36 шинэ тохиолдол, зургаан шинж тэмдэггүй халдвар тээгч илэрсэн талаар хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.

            Ойрын өдрүүдэд Бээжинд бүртгэгдээд буй тохиолдлууд нь бүгдээрээ Фөнтай дүүргийн Шиньфади хүнсний захтай холбоотой бөгөөд анх Ухань хотын Хуанань далайн бүтээгдэхүүний захаас халдвар дэгдсэнтэй яг адил нөхцөл байдал үүсээд байна. Шиньфади хүнсний бөөний зах нь худалдаа, арилжааны хэмжээгээрээ Бээжин хотын хамгийн томд тооцогддог юм.

        Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хотын Намын хорооны Байнгын хорооны хуралдааныг өчигдөр зохион байгуулж, Фөнтай дүүргийн холбогдох албан тушаалтнуудад ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр хариуцлага тооцлоо.

            Шалгалтын ажиллагааг явуулсны үндсэн дээр Фөнтай дүүргийн орлогч дарга Жоу Ючин, дүүргийн Хуасиан бүсийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ванхуа, Шиньфади хүнсний бөөний захын захирал Жан Юүэлин нарт цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэд хийгээгүй, хариуцлага алдсан гэж үзэн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

            Өчигдөр эх газрын Хятадад 49 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь зөөвөрлөгдөн ирсэн, 39 нь дотоодын гаралтай халдвар байжээ.

            Түүнээс гадна Хятадын Хөбэй мужид шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн талаар мужийн Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн бөгөөд 11-ний өдөр Бээжинд онош нь батлагдсан тохиолдолтой ойр байсан хүмүүс юм байна.   

Холбоотой мэдээ