Даланжаргалан сум инженерийн төвлөрсөн шугамд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-06-16 13:16:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сум цэвэр, бохир усны болон дулааны төвлөрсөн шугамд холбогдлоо.

Энэ бүтээн байгуулалтыг “Илчит сансар” ХХК улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өнгөрсөн жилээс эхлэн барьж  энэ оны зургадугаар сарын 14-нд хүлээлгэн өглөө.

Инженерийн шугам сүлжээнд цэвэр бохир усны шугам, зуухны барилга, цэвэр усны эх үүсвэр худаг, усан сан багтсан гэж  тус компанийн захирал С.Лувсанвандан өгүүлэв. Инженерийн шугамд холбогдсоноор иргэд аж ахуй нэгжүүд шинэ барига байгууламж барьж сумандаа сайхан амьдрах боломж бүрдлээ гэж сумын ЗДТГ-ын дарга  Б.Оюунбямба мэдээллээ.

Өнгөрсөн жилүүдэд тус суманд улсын болон орон нутгийн төсвийн нийт 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийжээ.


Нийтийн ахуйн үйлчилгээний барилгатай болов

 

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нийтийн ахуйн үйлчилгээний барилга ашиглалтад орлоо. Эл бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 149 сая төгрөгийн өртгөөр “ХИБИКИ” ХХК барьж ашиглалтад оруулжээ.

Ахуйн үйлчилгээний барилгатай болсноор үсчин, зурагчин, оёдолчин, гуталчин зэрэг хүмүүсийн өдөр тутмын эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээ нэг дор төвлөрч буйгаараа онцлог гэж орон нутгаас мэдээлэв.

Даланжаргалан суманд “МАК” ХХК-ийн эзэмшлийн цементийн үйлдвэр, нүүрс, төмрийн хүдрийн олон уурхай ажилладаг бөгөөд хүн амын суурьшил нэмэгдсэнээр ахуйн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байгаа аж.

 

Хатанбулаг сум инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдлоо


Сумдыг инженерийн шугам сүлжээнд холбох аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу Хатанбулаг суманд төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, барилга байгууламжийн ажил дуусч орон нутаг хүлээн авлаа.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Одкинг холдинг” ХХК 2019 оны тавдугаар сард эхэлж энэ оны зургадугаар сарын 12-нд хүлээлгэн өгсөн юм.

Инженерийн шугамд холбогдсоноор иргэд аж ахуй нэгжүүд орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж шинээр барига байгууламж барьж сумандаа сайхан амьдрах боломж бүрдлээ гэж  сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Мөн Хатанбулаг сумын тавдугаар багт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар багийн иргэдийн хөгжлийн төвийг ашиглалтад оруулсан байна.

Холбоотой мэдээ