Бээжин хот дахь “PepsiCo” үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/.
Ажилтнуудынх нь нэгээс коронавирус илэрсэнтэй
холбоотойгоор Бээжин хотын өмнөд хэсэгт байрладаг “PepsiCo” корпорацийн үйлдвэр үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай “PepsiCo Greater China” компанийн олон нийттэй харилцах асуудал хариуцсан
захирал Фань Жиминь мэдэгдсэн байна.
“Бээжин хотын Дасин дүүрэг дэх үйлдвэрт
коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэний дараа онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг даруй гаргаж, үйлдвэрийн үйл
ажиллагаа, үйлдвэрлэлийг зогсоож, халдваргүйжүүлэлт хийж, ажилтнуудыг
тусгаарласан" хэмээн тэрбээр хэлсэн байна.
Үйлдвэрийн газрын ажилтнаас 6 дугаар сарын 15-нд халдвар илэрсэн нь
батлагдсан бөгөөд тэр өдөртөө үйлдвэрлэл, нийлүүлэлтийг зогсоож, бүх ажилтныг
тусгаарласныг Фань Жиминь цохон тэмдэглэжээ. Дараагийн өдөртөө бүх хүнийг
шинжилгээнд хамруулж, 6 дугаар сарын 20-нд шинжилгээний хариу нь сөрөг гарсан
480 хүнийг тусгаарлажээ. “PepsiCo
Greater China” компанийн
төлөөлөгчийн мэдэгдсэнээр, 87 ажилтан халдвар авсан өвчтөнтэй ойр хавьталтай
байсан аж.
“PepsiCo
Greater China” үйлдвэр байрладаг
Дасин дүүргийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нэгэнд мөн коронавирусний
халдварын 8 тохиолдол бүртгэгдсэн тухай Бээжин хотын Өвчинд хяналт тавих,
урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Синхо мэдэгдсэн байна. Тус
үйлдвэрийн газрын нэрийг тэрбээр дурдаагүй хэдий ч халдварын тохиолдлууд өнгөрсөн
долоо хоногт коронавирусний халдвар дэгдсэн “Шиньфади” бөөний захтай холбоотой
байсныг цохон тэмдэглэжээ.