Орон нутгийн багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-26 12:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүлжээ.


Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хөдөөгийн иргэдэд харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг хүргэх зорилгын хүрээнд хийсэн уг сүлжээг нээх үеэр ХХМТГ болон төслийн гүйцэтгэгч Юнител компанийн төлөөлөл оролцож ард иргэдэд шинэ үйлчилгээний давуу талыг танилцууллаа.


Баянгол багийн иргэд ийнхүү өндөр хурдны интернэтэд холбогдож хүсэн хүлээсэн үйлчилгээг авах боломжтой болж байна.  Энэхүү төслийн үр дүнд манай улсын төвөөс алсалсан багуудын нэг Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн ард иргэд яриа, мессэжийн үйлчилгээнээс гадна гар утас болон бусад хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг ашиглан өндөр хурдаар өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг авах боломж бүрдэв. Мөн хөдөөгийн иргэд аюулгүй орчинд амьдрах, малчдыг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг орон зайн тэгш бус байдлаас үл хамааран авах боломжоор хангах чухал ач холбогдолтой юм.


Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Дадал сумыг шилэн кабелийн сүлжээнд холбосноор тус аймгийн бүх сум өндөр хурдны сүлжээнд холбогдож, харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломж бүрдсэн юм. Харин өнөөдөр багийн түвшинд энэхүү боломж бүрдэж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.

Холбоотой мэдээ