Ховд аймагт авто замын зорчих хөдөлгөөн хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-06 11:27:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрт хөл хорио тогтоосон. Тэгвэл аймгийн Онцгой комисс өчигдөр буюу долоодугаар сарын 05-нд хуралдаж, Жаргалант, Цэцэг сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 13:00 цагаас эхлэн нээсэн байна. Ингэснээр авто замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Харин аймгийн БОЭТ, Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан аж.

Тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтворжих хандлагатай, эмчилгээ хэвийн хийж байна.

Тарваган тахлын нууц үе 6 хоног дуусч, энэ хугацаанд нэг болон хоёрдугаар хавьтлын иргэдээс эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга ийнхүү захирамж гаргаж, хөл хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болжээ.  

Холбоотой мэдээ