Коронавируст халдварын үед ажиллах сургагч багш нарыг бэлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-06 21:17:16

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед ажиллах сургагч багш нарыг бэлдэж байна. ДЭМБ-ын санхүүжилтээр ЭМЯ-наас “Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба аян, эмнэлзүйн менежмент” сэдвээр явуулж буй сургалт Дорнод аймагт үргэлжилж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамрууллаа.

Манай улс халдварыг дотооддоо алдаагүй тогтоон барьж чадаж байгаа ч тохиолдож болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг онцолж байсан юм. Тодруулбал, халдварын сэргийлэлт, хяналт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, менежментийн талаар эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг сайжруулах, цаашлаад урьдчилан сэргийлэхэд эрүүл мэндийн бус салбарын оролцоог хангах, олон нийт, ард иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбар хэрхэн ажиллах тал дээр чиглэл өгч байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийгөө халдвараас сэргийлэх мэдлэг чадвартай болох, эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн зохион байгуулалт, халдвар тархсан тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж, эрэмбэлэн ангилалт хийж байрлуулах гэхчлэн эмнэлгийн дэд бүтцийн асуудлыг ч нарийвчилж авч үзэж байгаа аж.

Бэлтгэгдсэн сургагч багш нар өөрсдийн харьяаны төрийн болон ТББ-ын ажилтнуудад сургалт явуулж мэдлэг олгоно.  

Холбоотой мэдээ