ОХУ-ын парламентын дээд танхим Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-10 09:32:58

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны улсын Зөвлөл ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг лхагва гарагт соёрхон баталжээ.


Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.


Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана.


Түүнчлэн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү болон хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр болон зам харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан-техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-тахал судлал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ.


Үүнээс өмнө ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум уг гэрээг зургадугаар сарын 23-нд баталжээ.


Холбоотой мэдээ