Ховдын наадам өргөн дэлгэр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-11 18:30:47

Ховд /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам Ховд аймагт өргөн дэлгэр үргэлжилж байна. 

Баяр наадмыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хэлэхдээ: "Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн хөдөлмөрийн үр шимээр Ховд аймаг улам урагшлан дэвжиж байгааг онцлон тэмдэглэе" гэлээ. 

Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, өв соёл, уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолт толилуулсан.


Энэ жилийн баяр наадмаар 128 бөх зодоглож байна

Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар, Ч.Цогбаяр тэргүүтэй нийт 128 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна. 

Үүнд, аймгийн арслан 3, заан 6, харцага 6, начин 15 байгаа бол сумын заан, начин 33 байна. Харин өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдаж буй.

Бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн начин Ц.Балжаа, ахлах гарын даагаар С.Загдсүрэн, гарын даагаар Г.Авирмэд, Т.Амарсайхан, хаяавчаар Ч.Адилбиш, Б.Батмөнх, бөхийн тайлбарлагчаар Б.Даваасүрэн нар ажиллаж байна.

Мөн шагайн харваанд 40 гаруй харваач оролцож байна. Харин сурын харваанд 120 харваач цэц мэргэнээ сорьж байна. Өнөөдөр азарга, соёолон, хязаалан, их нас болон жороо морьдын уралдаан "Бөөр харын урд" гэх газарт боллоо.

 


Холбоотой мэдээ