Хөлөнбуйр суманд эхийн амрах байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-22 16:44:29

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд “Эхийн амрах байр”-ыг барьж ашиглалтад оруулжээ. Ийнхүү тус аймгийн гурав дахь сум бие даасан байртай болжээ.

Энэхүү байрыг Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх “ТИКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр босгожээ.  

Хөлөнбуйр сумын нийт өрхийн 66.8 хувь нь малчин, нөхөн үржихүйн насны 700 орчим эмэгтэй бий. Жилд 40-50 эх амарждагаас нэгээс хоёр нь сумандаа зайлшгүй тохиолдлоор төрж, бусад нь БОЭТ-ийн Төрөх тасагт хэвтдэг.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл “Эхийн амрах байр ашиглалтад орсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгааг чанартай үзүүлэх, цаашлаад дээд шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэгт чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байна” гэж онцоллоо. “ТИКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Эхийн амрах байр”-нд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр болсноо энэ үеэр дуулгасан юм.

Хөлөнбуйр сум нь Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залгаа, аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон төв зам дагуу байрладаг, баруун захад байрлалтай сум юм.

Холбоотой мэдээ