Алдарт эрдэмтнээ мөнхжүүлэн төрсөн нутгийнх нь сургуулийг түүний нэрэмжит болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-30 08:59:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монголын түүхэнд нэрээ үлдээж, алдар суугаа мөнхөлсөн олон эрдэмтэн мэргэд байдаг. Тэдний зарим нь Сэлэнгэ нутгаас төрсөн алдартнууд юм. Тухайлбал Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Бямбын Ренчин ажээ.

Энэхүү их эрдэмтэн, агуу зохиолчийн тухай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн, зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн гуай ийн хуучиллаа. Тэрээр:”-Их эрдэмтэн маань 1905 оны 11сарын 21-ний өдөр өнөөгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын "Булсарай" хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлсэн байдаг. Түүний бүтэн нэр нь Ренчиндорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглодог байв. Тэрээр тухайн үеийнхээ БНМАУ болон ЗХУ-ын төрийн тэргүүнүүдэд өөрийг нь гүтгэн доромжилсныг эсэргүүцэж, мөн нийгэмд байгаа гажуудлын талаар захидал бичин цаг үеэ шүүмжилж байжээ. Бямбын Ренчин нь Монголын шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч хүн юм. 1961 онд БНМАУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогдож байжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байсан гэдэг” хэмээлээ. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас агуу эрдэмтнийхээ алдар нэрийг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор төрсөн нутаг Алтанбулаг сумын ЕБ-ийн сургуулийг түүний нэрэмжит болгосон байна. Мөн Бичгийн их хүмүүн Б.Ренчин 1977 онд таалал төгссөн бөгөөд 2005 онд түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөөг нь Улсын төв номын сангийн өмнөх талбайд босгожээ. 

Б.Ренчин 1945 оноос алдарт зохиолуудаа эхлүүлж “Цогт тайж” кино,  “Үүрийн туяа” гурамсан роман, “Заан залуудай” роман, “Бэрцэцэг”, “Гүнж”, “Сандо амбан”, “Их нүүдэл”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан” зэрэг олон сонирхолтой зохиол бичиж үлдээжээ. М.Горький, А.Пушкин, А.Чехов, Л.Толстой, Н.Островский, В.Маяковский, М.Шолохов, Д.Фурманов, Ги де Мопассан, Назым Хикмет гэх мэт дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээ орчуулсан байна. Б.Ренчин өөрийн бүтээсэн хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны одон, МЗЭ-ийн шагнал, Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хүртсэн байна. Тэрээр төрийн шагнал дагаж ирсэн мөнгөн шагналаа дэлхийн II дайны үед өнчирч хоцорсон Ленинградын хүүхдүүдэд хандивласан бол Зөвлөлтийн зохиолчидтой хамтран гаргасан “Детская литература” сэтгүүлийн шагналаа Америк–Вьетнамын дайнд өнчирсөн хүүхдүүдэд зориулсан байдаг. Цагийг дэмий өнгөрөөдөггүй, нөр хичээнгүй, олон сэдэвт ажлуудыг хэд хэдэн бичгийн машин дээр зэрэг сөөлжүүлэн хийдэг байсан нь оюун ухааных нь алжаалыг тайлдаг байсан гэдэг. Гэрт нь бичгийн машин гурав байх агаад нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, гурав дахь машинаар уран зохиолоо ээлжлэн тойрч бичдэг арга барилтай байжээ. Орчуулга хийхдээ ноорог хийж цаас үрэхгүй өөрийн эзэмшсэн гадаад хэл дээр шууд л бичдэг, өдөрт төлөвлөсөн ажлаа заавал дуусгаж байж санаа нь амардаг. Цээжинд нь олон хэлний толь бичиг нэвт бэлэн байдаг болохоор илүү дутуу юм авч явдаггүй байсан гэдэг.

Холбоотой мэдээ