Гэр бүлийн өдрөөр есөн хос хуримлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬОлон улсын гэр бүлийн өдөр тавдугаар сарын 15-нд тохиолоо. Энэ өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын Өв соёл, ёслол хүндэтгэлийн өргөөнд есөн залуу хос хуримлав.
Өрх гэрийнхээ голомтыг асааж, амьдралын эх харгуйд сэтгэл нийлэн ханилахаар шийдсэн хосуудын хуримын ёслолыг тус аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газар зохион байгуулдаг уламжлалтай. Ёслолыг Нийтлэг үйлчилгээний газрын менежер Б.Отгончулуун хөтөлж “Саранхөхөө” театрын мэргэжлийн уран бүтээлч ерөөл айлдсан юм.
Мөн залуу хосууд “Дорноговь 80” цогцолборт мод тарьж, аймгийнхаа гандан хийдээр зочилсон байна. Ёслол хүндэтгэлийн өргөөг анх хуримын зориулалтаар 2012 онд байгуулсан бөгөөд энд нэг гэр бүл хуримын ёслолоо зохион байгуулахад 500 гаруй мянган төгрөгийн зардал гардаг байна.
Х.Эрдэнэбулган