563 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 15:46:21

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн сард хяналт шалгалт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр зохион байгуулсан ажлаа тайлагналаа.

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын алба, Худалдан авах ажиллагааны албанд мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг зохион байгуулав. Мөн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Архивын ерөнхий газар болон Дорноговь аймгийн ИТХ-ын нийт 15 албан тушаалтанд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчилтэй холбогдуулан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулжээ.

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналтаар “илт ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн дүгнэлт хүргүүлсээр байтал тухайн албан тушаалд томилж, одоог хүртэл албан үүргийг гүйцэтгүүлсээр байгаа 2 албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлүүлэх арга хэмжээ авахуулсан аж. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 23 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд 12-ыг нь хянан шалгаж шийдвэрлэлээ. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 563 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Мэдүүлгийн төлөвлөгөөт хяналт шалгалтаар Баянхонгор аймгийн ЗДТГ, ИТХ, Дорноговь аймгийн ЗДТГ, ИТХ, Булган аймгийн ИТХ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хүүхдийн төлөө үндэсний газрын албан тушаалтнуудын нийт 27 хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж дууссан бөгөөд энэхүү шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй байна гэж тус газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд