Залуучуудын хөгжлийн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-05 17:48:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт Залуучуудын хөгжлийн сарын аян “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор өрнөж байна.

Жил бүрийн наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн Залуучуудын хөгжлийн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтсон байна. Тэгвэл энэ жил Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс тус аяны үйл ажиллагааг “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.  

Мөн тус аяны үйл ажиллагаа нь орон нутагт тулгамдсан зарим асуудлыг залуучуудын хүч, идэвх оролцоо, санал санаачилга дор шийдвэрлэх, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг бий болгох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд чиглэж буй юм. Энэ утгаараа залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль сурталчлах яриа \подкаст\, мэргэжил сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбон зуучлах өдөрлөг зэргийг тусгай хуваарийн дагуу зохион байгуулахаар болжээ.   

Мөн хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны цахим сургалт явагдана. Түүнчлэн англи, солонгос хэл болон гитар хөгжим, хувь хүний хөгжил хосолсон таван хоногийн үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэд 99434355, 85849797, 99349232 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.  

Холбоотой мэдээ