Морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уяачдын наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-08-10 09:23:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсад Үндэсний морин спорт уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Буган Халиун ажнай” морин спорт уяачдын холбоо уламжлалт наадмаа энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Хоёр жил тутам зохион явуулдаг энэхүү наадам энэ жил гурав дахь удаагаа болж байгаа аж. Нүүдлийн соёл иргэншил болсон морины өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, үлдээх зорилгыг агуулсан эл наадам энэ удаа дэлхий нийтэд тархсан аюулт цар тахлын онцгой нөхцөл байдалд болж буйгаараа онцлогтой байв. Үндэсний өв соёлыг эрхэмлэн түгээн дэлгэрүүлж буй уяачид энэ удаа Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын сахилга батыг сайтар сахиж, уяачийн ёс зүйгээ эрхэмлэн байж уламжлалт наадмаа тэмдэглэлээ.

Цадиг түүхийн гэрч болсон алдарт Тужийн нарсны хөвөөнд болсон эл наадмын үеэр олон үйл явдал боллоо. Тухайлбал их нас, шүүдлэн, соёолон, дааганы уралдаан болж, хүчит 32 бөх барилдлаа. Мөн сайхан эдлэл хэрэглэлтэй морь, сайхан хөөрөг шалгаруулахын зэрэгцээ уяачдынхаа азыг үзсэн сугалаа зохион байгуулав. Тус сугалааны тасалбар 10000 төгрөг бөгөөд сугалаанд цугларсан мөнгөөр цоо шинэ таван ханатай өргөө цагаан гэр худалдан авч, залуу уяач гэр бүлд бэлэглэх сайн үйлсийг зохион байгууллаа.

Наадмын гол цөм үзвэр бол иж бүрэн, сайхан эдлэл хэрэглэлтэй морьд, сайхан хөөрөг шалгаруулах байв. Сэлэнгэ аймгийн 17 сумын уяачдын холбоогоо төлөөлөн ирсэн уяачид ганган гоё хийцтэй, эмээл, эдлэл хэрэглэл, хөөргөныхөө уран хийц, чамин ганган төрхөөр уралдав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын О.Октябрийн сартай хар морь Сэлэнгэ аймгийн сайхан мориор шалгарлаа. Сайхан эдлэл хэрэгтэй мориор Орхон сумын уяач Б.Чинболдын Батноров хийцийн их гарын сайхан монгол эмээл, хазаартай халиун зүсмийн морь Сэлэнгэ аймгийн сайхан эд хэрэглэлтэй мориор тус тус тодорлоо. Энэхүү уралдаанд маш сайхан эмээл, хэрэглэлтэй хүлэг морьд олон оролцсон. Иймээс Түшиг сумын уяач Б.Батбаярын буурал морины орчин цагийн хос хийцтэй эмээл, хазаарыг тусгай байрт шалгарууллаа. Мөн Сэлэнгэ аймгийн сайхан хөөргөөр Цагааннуур сумын уяач Д.Чимэддоржийн жижиг цагаан хаш хөөрөг тодорлоо. Энэхүү хөөрөг нь гурав дахь үедээ өвлөгдөн хадгалагдаж буй хөөрөг юм.   

Наадмын үеэр уламжлалт үйл ажиллагааны зэрэгцээ уяачдаа алдаршуулсан үйл ажиллагаа болов. Тодруулбал “Уяачдын алдар” медалиар Мандал сумын уяач Ц.Болдбаатар, Баянголын Л.Өлзийням, Түшиг сумын Д.Оргилыг шагнаж, урамшууллаа.   

Сэлэнгэ аймгийн “Буган Халиун ажнай” морин спорт уяачдын холбоо нь 4000 гаруй гишүүнтэй, 9 тэргүүлэгчтэй томоохон холбоо юм. Үйл ажиллагаагаараа 2019 онд улсдаа тэргүүлсэн байна. Цар тахлын энэ үед тус уяачдын холбоо нь Улсын Онцгой комисст таван сая төгрөг, сумдын уяачдын холбоо аймгийнхаа Уяачдын холбоонд хандив өгч, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа эрхэмлэн ажилласан байна. Тус холбооны тэргүүн Г.Бямбаа ”Бид уяачдын баяр наадмыг хоёр жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэснээс хойш энэ удаа гурав дахь удаагаа тэмдэглэж байна. 2021 онд тохиох Сэлэнгэ аймгийнхаа 90 жилийн их ойн наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх зорилготой байгаа. Энэхүү 90 жилийн ойн хүрээнд төр засгийнхаа байгууллагуудын дэмжлэгээр аймагтаа улсын бүсийн уралдааныг зохион байгуулах эрх авахаар эртнээс санал хүсэлтээ гаргасан. Ардын хувьсгалын агуу их түүхийн бахархал болсон Сэлэнгэ нутгийн ард түмний цог хиймэр ямагт өөдөө байж, уясан хүлэг нь асрын өмнө жолоогоо өргүүлж, унаач хүүхдүүдийн цог золбоо дүүрэн байх болтугай” хэмээв.   



Холбоотой мэдээ