А.Цэрэнчулуун: Монгол хүний хүнлэг чанар, зочломтгой зан олон жуулчдыг татдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
sodonizm@gmail.com
2020-08-14 12:33:53

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн цагаас хойш одоог хүртэл 30 гаруй жил аялал жуулчлалын салбарт ажиллаж буй олон улсын эдийн засагч, аяллын хөтөч тайлбарлагч А.Цэрэнчулуунтай хөөрөлдлөө. Тэрээр саяхан “Миний аялсан Монгол Улс” номоо хэвлүүлэн гаргаад байгаа юм.


-Яагаад гадаадын жуулчдад зориулан ном бичихээр шийдэв?

-Монгол орны аялал жуулчлалын тухай монгол хүний харах өнцгөөр бичигдсэн ном цөөхөн байдаг. Зарим гадаадын жуулчдын бичсэн номд монголчуудын тухай тааруухан сэтгэгдэл бичсэн нь ажиглагддаг. Тухайлбал, монгол хүн цаг барьдаггүй, өглөөний 10 цагт уулзахаар товлосон боловч 12 цагт ирнэ. Бензин авахаар яваад оройны 5 цагт ирдэг. Хамт явж байхад замд буугаад “Бетон сав хаана байна? Айраг авна” гээд явчихдаг. Тэгээд буухаараа машины түлхүүрийг нь авахгүй бол шөнөжин машин унаад алга болчихдог гэх маягтай бичсэн нь ч бий. Энэ бол монгол хүнд маш эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна манай улсад ирэхээр төлөвлөж байсан гадаадын жуулчны төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэнэ. Гэхдээ бүх гадаадын жуулчдын бичсэн ном ийм утга агуулгатай гэж байгаа юм биш л дээ. Би аялал жуулчлалаар 30-аад жил явсан хүн. Тэгээд гадны хүн юу сонирхдогийг мэднэ. Ер нь, монгол хүн өөрөө энэ тухай бичвэл яасан юм бэ гэж бодоод зориглон бичсэн.


“Миний аялах дуртай орон-Монгол Улс” номын 119 дүгээр хуудсаас хойш Монголд ирээд заавал үзэх хэрэгтэй түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгал, хайрхан, уул,  ан амьтан болон аяллын маршрутын зургийг оруулсан байгаа. Хамгийн гол нь би өөрөө биеэрээ аялж байхдаа тэмдэглэсэн тэмдэглэлээсээ оруулсан юм.


-Та гадаадын жуулчдад ямар зөвлөмж голлон хүргэхийг зорьсон бэ?

 -Аль ч орны жуулчид Монголд ирэхдээ монгол хэл, ёс заншлын талаар мэддэг байхыг хүсдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэж монгол үг байдаг. Жуулчид Монголд ирээд юу болох, юу болохгүйг мэддэг болсондоо их баяртай байдаг. Тухайлбал, монгол айл гэрийн гал голомт ариун дагшин байдаг тул айлын галд юм хийж болохгүй, хөлөө жийж болохгүй, галын бурхан хилэгнэнэ. Хултай айргийг шавхан ууж болохгүй. Морь унахдаа зөв талаас нь мордох, монгол айлд орохдоо зөв хөлөө тавьж орох хэрэгтэй гэх мэт наад захын соёлыг дурдсан байгаа.


-Хөтөч хүн юуг зорьж ажиллах ёстой гэж та үздэг вэ?

-Зарим монголчууд гадны жуулчдыг мөнгө нь багтаж ядсандаа аялж явдаг гэж буруу ойлгодог. Харин зарим гадны жуулчид монголчуудыг сүү цагаа, мах нь үнэ цэнэгүй учраас үүгээрээ дайлдаг гэж ташаа ойлгодог. Аль аль талын буруу ойлголтыг залруулах нь аяллын хөтчийн ажил. Монголчууд нүүдэлчин соёл уламжлалынхаа дагуу хол, ойроос ирсэн гийчинд үргэлж хоол унд барьж баярлуулдаг. Эргээд энэ нь дараагийн хүндээ тохиолддог учраас дайлж цайлж явдаг. Өөрийн хүүхэд, нөхөртөө барих хамгийн өөдтэй өнгөтэй бүхнээ жуулчинд дэлгэн тавьж, үлдвэл боож баглаж өгөөд явуулах нь монгол зан юм. Хоол нь илүүдээд байгаа юм биш, зүгээр л сайхан сэтгэлийнхээ үүднээс өгч байгаа юм. Тухайн жуулчин магадгүй дахиж манай улсад ирэхгүй байж болно. Түүнийг сайхан сэтгэгдэлтэй үлдээх хэрэгтэй. Харин гадны жуулчид аялахын тулд жилийн өмнөөс төлөвлөгөө гаргаж, мөнгөө хурааж, бэлтгэлээ маш сайн базаадаг. Зарим жуулчин бүр Монголын талаарх бүх номыг уншчихаад ирдэг. Ч.Галсангийн гучаад номыг уншчихсан, монгол хэлний курст, морь унах дамжаанд явчихсан, Монголын талаар ихэнх киног үзчихсэн ирдэг. Зөвхөн Монгол руу аялахдаа ч биш, бусад улс руу аялахдаа жилийн өмнө төлөвлөдөг. Тиймээс жуулчинтай ажиллаж байгаа хүн энэ гадаадын хүн мэдэхгүй юм чинь гэж мэдэмхийрч худлаа ярьж болохгүй.


-Хөтчөөр ажиллахад дотоодын болон гадаадын жуулчдын хооронд ямар ялгаа ажиглагддаг вэ?

-Хөтөч хийж явахдаа малчидтай ярилцлага хийдэг байлаа. Тэдний ярьж байгаагаар гадаадын хүн бууж, хоноглосон газарт өглөө очоод үзэхэд юу ч байдаггүй. Харин монголчуудын хоноглоод явсан газар дор хаяж нэг шил, нэг яс, тамхины иш байж байдаг гэж ярьдаг юм билээ. Хамт аялж явахдаа ажиглаад байхад гадны жуулчид уутандаа хогоо хийгээд аваад явдаг. Ер нь байгаль орчин бохирдуулахгүй байхыг их хичээдэг хүмүүс. Аяллаар явахдаа уут, хүрз аваад явдаг. Бие зассаныхаа дараа хүрзээр бохироо булчихдаг, арчсан цаасаа уутандаа хийгээд аваад явдаг. Биеэ угаах болбол түмпэнд усаа хийгээд хайрган дээр очиж угаадаг. Угаалгын саван, шампунь нь байгальд хоргүй. Германы өндөр мэдлэгтэй профессор эмэгтэйчүүд эрэгтэй хүнийх шиг намхан гутал өмсөөд хээгүй явж байдаг. Гадаад байдлаа анхаарахаас илүү мэдлэг боловсролдоо илүү цаг хугацаа, мөнгөө зарцуулдаг. Энэ нь цаад талаараа байгальд хор нөлөө үзүүлэхгүй гэж боддогтой нь холбоотой байх. 


 -Таны мэргэжлийн сайхан нь чухам юуг гэж та онцолж хэлэх вэ?

-Үнэ төлбөргүй хичээл заалгадаг. Ямар ч гадаад хэлний сургуульд 2 цаг хичээл заахад нарийн чухал үг хэллэгийг сурч амжихгүй. Гэтэл жуулчинтай явахад өглөө ургах нарнаас орой жаргахын наран хүртэл цуг явж, дайралдсан бүх зүйлсийн талаар ярилцана. Ямар гоё гэж бодно, яриа сурна. Тэгээд яваад ирэхэд  “Чи сайн үйлчиллээ” гэж халаасны мөнгө өгнө. Ямар багш ингэж 24 цагаар ганцаарчилсан хичээл зааж заачихаад дээрээс нь нэмж чи сайн байлаа гэж мөнгө өгөх вэ дээ. Би хөтөч тайлбарлагчаар олон жил явлаа. Хэрэв би сайн ажиллаж чадвал намайг хүндэтгэнэ, надад итгэнэ, бүх юмаа ярьж, зөвлөгөө авна, чин сэтгэлээсээ талархана. Их сайхан энерги цуглуулдаг ажил гэж боддог.  Арван хүнтэй хамт аялалд явлаа гэхэд адаглаад гурав нь миний найз болоод үлддэг. 


-Монголчуудын талаар үлгэр домгийг жуулчид сонирхдог уу?  

-Тэгэлгүй яах вэ. Нэг зун би говийн элсэн дээр найзтайгаа хамт дээш хараад хэвтчихсэн ном ярьж байлаа. Тэгээд манай найз “Чи бид хоёр адилхан сонирхолтой юм байна. Би бас Монголын түүхийг их сонирхдог. Чи бас сонирхдог юм байна. Би чамд хэдэн ном явуулна” гээд надад хэдэн ном явуулсан. Тэр түүхийн номууд надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Эрт цагт монголчуудтай гэрээ хийнэ гэж байдаггүй байжээ. Монгол хүн за гэвэл ёогүй заавал биелүүлдэг хүмүүс байсан байна. Тэр номд өгүүлснээр, нэгэн гадны гийчин жин тээлгэе гэж монгол хүнд ханджээ. Гэрээ хэлэлцээр ч хийлгүй амаар яриад л өнгөрсөн аж. Хоёр жил өнгөрсөн ч яг л цагтаа ирж гадны гийчний бараа таваарыг нэгийг ч дутаалгүй зөөж хүргэсэн гэдэг. Бас нэг өөр түүх бол нэг гадны хүний адуу малыг гамингийн цэргүүд Хүрээ хот руу оруулахгүй байж гэнэ. Монгол залуу “Би таны морьдыг Хүрээ рүү оруулаад өгье” гэжээ. Гэтэл маргааш нь нөгөө монгол залуугийн тоос нь ч үзэгдэхгүй байж гэнэ. Нөгөө гадны хүн “Барон гаминд алдаагүй морио монгол залууд алдчихдаг” гээд уурлан, монголчуудыг хараагаад зогсож байж. Гэтэл нөгөө монгол залуу “Би замдаа жаахан саатчихлаа, уучлаарай” гээд инээд алдаад араас нь адууг нь хөтлөөд ороод ирсэн байна. Гэтэл нөгөө хүн чинь түрүүнд нь гомдоод харааж байснаа цайруулах гээд арван зоос нэмж  өгье гэж гэнэ. Гэтэл монгол залуу "Үгүй ээ ярьснаа л авна” гэж хэлжээ. Тийм л гоё, ярьсан юмаа л авдаг илүү шунал байхгүй. Тэр мэт яриа, үлгэр домгийг би сураад жуулчдад ярьж өгдөг. 


-Жуулчинд зарим монгол үгийг тайлбарлахад бэрх байдаг гэж сонссон.  Харин та яаж тайлбарладаг вэ?

-Би аяллаар явахдаа гурван дэвтэр хөтөлдөг. Эхнийх нь шинэ үг, хэлц үг, герман үг хэллэг. Энэ тэмдэглэл надад герман хэлний толь бичих, герман хэл заахад их хэрэг болсон. Дараагийнх нь километр, уул усны нэр бичиж авдаг. Мөн Хайрхан уултай холбоотой домог. Хөдөөгийн хүн уул усны нэрийг бараа харагдахад хэлж өгдөггүй, Хайрхан л гэдэг. Дээр үед зургийн аппарат байхгүй байсан болохоор гараар зураад дэвтэр дээрээ хадгалчихаад, нөгөө Хайрхан харагдахгүй болохоор аргал түүж яваа хүнээс эсвэл хонь хариулж байгаа хүнээс асуугаад бичээд авдаг байсан. Удаах тэмдэглэлдээ юмны үнэ бичдэг. Шатахуун, мах, ааруул хэдэн төгрөг вэ гэдгийг бичдэг. Одоо ингээд 30-аад жилийн өмнө авсан статистик чинь их сонин. Түүгээрээ эрдэм шинжилгээний ажил бичихэд их гоё болдог. Тийм гурван дэвтэр байдаг.


-Та герман хэлийг яаж сурсан бэ? 

-Би Монголын тухай Германы жуулчны бичсэн ном их уншдаг байсан. Герман кино үздэг байлаа. Намайг сурч байхад Монгол-Герман толь байдаггүй байсан болохоор орчуулга хийхдээ Герман-Орос толь эхлээд харна. Дараа нь Орос-Монгол толь хардаг байсан. Ер нь миний үеийнхэн бүгдээрээ л тэгдэг байлаа. Б.Ринчен гуай хэлэхдээ “Дураа хүрэхээр гурав дөрвөн хуудас уншаад дургүйгээ хүрэхээр нэг ч өдөр уншихгүй байгаа хүн түм наславч хэл сурахгүй” гэж хэлсэн байдаг. Хэл сурахын тулд энэ хэлийг сурах ёстой гэсэн чин эрмэлзэл, уйгагүй оролдлого хэрэгтэй. Муухан хэлтэй гээд ичиж зовж болохгүй, овоо сураад ирэхээрээ баяжуулан салбар салбарын хэлийг сурах хэрэгтэй.


-Таны герман хэл рүү орчуулсан ном арваас хол давсан байна?

-Тангадын Галсангийн “Ертөнцийн гурав” гэж таван боть дэвтэр бий. Түүнээс хоёр жижиг дэвтрийг би сонгож герман хэл рүү орчуулсан. “Наадам ба шагай” гэж номыг орчуулсан. Одоо миний герман хэл рүү орчуулсан ном 10-аад ном болчихсон. Би жуулчинтай хамт аяллаар явахдаа тэдний сэтгэлийг өөртөө татахыг хүсдэг. Нэг ирсэн жуулчныг Монголд ахин дахин ирүүлмээр санагддаг. Ингэвэл Монгол Улсад маань орлого орно. Мөн өөрөө би ажил, амьдралтай байна. Үүний тулд монголчуудын сайхан сэтгэл, өөрийн орны зан заншил, ахуй амьдралын гоё сайхныг тэдэнд үзүүлж, сэтгэлд нь хүртэл мэдрүүлэхийг хүсдэг. Иймээс Монголын тухай ном бичиж гадны жуулчинд хүргэхийг зорьсон. Гэхдээ би сайн орчуулагч, сайн зохиолч биш. Миний ном бусдад алдаатай санагдаж болно. Хүн өөрийнхөө хүүхдийг муухай гэдэггүй шүү дээ. 


-Таныг хөтөч тайлбарлагч хийхээс гадна залуу хөтөч нарт хичээл заадаг гэсэн. Та шавь нартаа юу гэж сургадаг вэ?

-Би хичээлээ “Монголын сайхан орноор” гэсэн сэдвээр эхлүүлдэг. Монгол орон гэж ямар сайхан орон юм бэ, ямар аз завшаанаар бид эх орондоо төрчихсөн юм бэ, хүний сэтгэлд хүртэл сайхан тайлбарлаж өгье гэвэл яах вэ. Дурын сэдвээр хүн ярьж чаддаггүй. Өөрийнхөө хамгийн дуртай, хамгийн хайртай, сонирхдог юмыг л хүн гоё ярьж чаддаг.

Жуулчинтай хамт аялаад явж байхдаа бид эх орноороо бахархан ярьдаг байх хэрэгтэй. Монголын үзэсгэлэнт газар, түүх соёлдоо дурласан залуу шиг л жуулчинд ярьж өгөх хэрэгтэй. Би жуулчинтай хамт аялахаасаа өмнө маш сайн бэлтгэхийг хичээдэг. Ер нь би их бэлтгэлтэй хүн. Гэхдээ л өмнөхөөсөө хэд дахин урьдчилж бэлтгэхийг хичээдэг. Шинэ залуу хөтөч нарт захихад жуулчны хөтөч, тайлбарлагч хүн гадаад хэлний мэдлэгтэй байхаас гадна монгол ахуй, зан заншил, өв соёлынхоо тухай өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Бид өөрийн юмаа сайн мэддэг байж, гадныханд улс орноо сайн сурталчилж чадна.

Ер нь, монгол хөмүний хүнлэг сайхан чанар, тусч, найрсаг, зочломтгой зангийн буянаар өнөө цагт олон жуулчид Монголыг зорьж ирж байна. Цаашид энэ цувааг таслахгүй байхад шинэ залуу үеийнхэн анхаарах хэрэгтэй.  


-Таны амьдралдаа дагаж мөрддөг зарчим тань юу вэ?

-Би амьдралдаа авсанаа өгөх, амласанаа хийх, цаг баримтлах гэсэн гурван зарчмыг баримталж ирсэн. Хүүхэд, залуучууд маань энэ зарчмыг амьдралынхаа туршид дагаж мөрдвөл зохино. Ер нь удаан жил хүнтэй ханилъя гэвэл улаан мөнгөний зөрүүгүй тооцож явах хэрэгтэй байдаг. Хүнийг тания гэвэл мөнгө зээл, хамт хол замд яв гэсэн ч үг бий. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж бодож яваарай. 

Холбоотой мэдээ