Минск хотод саатуулагдсан хүмүүсийг суллаж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-14 11:05:58

МИНСК. /tut.by/. Сүүлийн өдрүүдэд Минск хотод өрнөсөн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр баривчлагдсан хүмүүсийг урьдчилан хорих байрнаас гаргаж эхэллээ.


Урьдчилан хорих байранд Беларусийн Дотоод хэргийн орлогч сайд Александр Барсуков ирж, 06:00 цагаас өмнө байранд буй бүх хүнийг чөлөөлнө гэж мэдэгджээ. Саатуулагсдыг суллах тухай захирамжийг өгсөн тухайгаа Беларусийн Дотоод хэргийн сайд Юрий Караев пүрэв гаргийн орой мэдэгдсэн байна.


Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн төв комиссын урьдчилсан дүнгээр, Беларусийн одоогийн Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 80.08 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 10.09 хувийн саналыг авч, хоёрдугаарт жагсжээ. Экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын дүнг зарласны дараа Минск хотын хэд хэдэн дүүрэгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, улмаар цагдаа  нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсон юм. Мөргөлдөөний улмаас 6 мянга гаруй хүн саатуулагдаж, хэдэн арван хүн бэртжээ. 

Холбоотой мэдээ