Америкийн 1000 орчим цэрэг Польшид нэмж байрлана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-15 17:15:42

ВАРШАВ./ТАSS/. АНУ-тай цэргийн салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсны дараа Америкийн 1000 орчим цэргээс бүрдэх нэмэлт хүч Польшид ирж байрлана. Энэ тухай өнөөдөр Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович мэдэгдлээ.  

“АНУ-ын армийн 5 дугаар корпусын командлалын төв штабыг манай улсын нутаг дэвсгэрт байрлуулах тухай америк түншүүдийн маань шийдвэр биднийг баярлууллаа. Энэ штаб нь НАТО-гийн дорнод жигүүр дэх чухал төв болно” гэж сайд хэлсэн байна.

Үүний сацуу тэрбээр мэдэгдэхдээ, Америкийн цэргийн нэмэлт хүч Польшид байрлах гэж байгаа нь Америкийн цэргийг Германаас гаргах шийдвэртэй холбоогүй гэдгийг онцлон дурдлаа. “Манай улс дахь АНУ-ын оролцоог бэхжүүлэх нь тусдаа үйл явц бөгөөд Польшийн аюулгүй байдлыг бэхжүүлэх гэсэн ганцхан зорилготой” гэж Польшийн Гадаад хэргийн сайд тэмдэглэн хэлсэн байна.

Цэргийн салбарын хамтын ажиллагааны тухай АНУ-Польшийн гэрээнд өнөөдөр Варшав хотноо Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар гарын үсэг зурах юм.  

Холбоотой мэдээ