“Луугарын тойром”-оос...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-17 20:02:04

Дорноговь/МОНЦАМЭ/.Тойром харваа, тойром харвахын учир дэг жаяг ямар байдаг тухай бодож явтал  сууж явсан машин маань том том хадан цохио сүлжин ороож, урт үргэлжилсэн  дэл хадны хажуугаар давхисаар нэгэн өргөн дэнж дээр хаяа дэрлэн буусан асар майхнуудын дэргэд ирж зогслоо.


Халхын алдарт дөрвөн том тойрмын нэг олон зуун жилийн түүхтэй “Луугарын тойром” энэ сарын 15-наас 16-нд үе уламжлан зохиогдож ирсэн нутаг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их Нартын хадны байгалийн цогцолбор газарт болсон нь энэ.

Шагайн харвааг Монголын Шагайн харвааны холбооны Дорноговь аймгийн салбар холбоо зохион байгууллаа.Тал нутаг, байгаль эхийн араншинг дагаж эргэх дөрвөн цагтай хамт нүүж аж төрөх монголчууд дэлхийд хосгүй олон өв соёлыг түгээн дэлгэрүүлсэний нэг нь шагайн харваа юм.

Хээр талд монгол дээл өмсөж, улаан залаатай дөрвөн талт малгай тэргүүндээ залсан эрчүүд  үе үе асар майхнаас уухайн дуу хадаах нь байгалийн өнгө төрх, амьтан жигүүртэний явдалтай сүлэлдэн ер бусын эрчим хүчийг бий болгох.


Даланжаргалан сумын нутаг энэ жил хур ихтэй, зуншлага сайхан байгаа тул  газар газраас олон харваач зуны дэлгэр цагаар  энэ нутгийг зорин асар майхнаа барин тухлан саатаж, хоёр өдөр хоор зуураа хөөрөлдөн уухайн түрлэг хадааж цэц мэргэнээ сорьсон юм. Шагайн харваа бол утга учиртай, дэг жаягтай ажгуу.



Газар газрын харваач нар уулзаж хөөрөг зөрүүлж байна


Урьд цагт газар газрын харваачид тойром харвахаар морь, тэмээн тэргээ хөсөглөж ачаа тэнгээ татаж очих газраа товлон чуулж наадгай, цэнгээн үүсгэж цэц мэргэнээ сорьдог байв.


Улсын шилдэг уухайч Г.Арилдий


Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, улсын шилдэг уухайч Г.Арилдий гуай болон зарим өвгөчүүлтэй уулзахад сонирхолтой түүх дэлгэлээ.

Тойром харвах нь олон талын утга учиртай гэх. Учир нь өвчин эмгэг, зовлон зүдгүүр бүхнийг гаргахгүйн төлөө газар газраас харваачид хуран чуулдаг байжээ.


Нэгэн удаа халхын дөрвөн тойрмын харваачид Луугарын тойромд цугларахад говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаа, Зоригт вангийн хошууны мэргэн лам тэргүүтэй баг шагай харваж тэнцэж байсан түүхийг ч сонсов.


Тэр үед шагнал урамшууллын төлөө бус жинхэнэ хэн нь мэргэн, хэн нь хараа хурц байгаагаа шалгаруулж шагайгаар дамжуулан танихгүй нэгэнтэй танилцаж, таньдаг хүнтэйгээ улам ойртон нөхөрлөж байжээ. Зурхайгаас  есөн тохой буюу 4.72 метр зайнаас харвана.

Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ Хашлага дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ.  Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийдэг бол сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ.

Тойром харвахдаа бие биеэ заавал хожихыг урьтал болгодоггүй. Хэн сайн харваж байгааг  эхлээд таньж мэдэх. Дараа нь   гурван өрөг шувтрахын баримжаанд тэнцэж сонирхолтой тоглохыг илүүд үздэг байжээ. Эв санаа, зорилго, итгэл сэтгэл нийлсэн зургаан хүн нэг баг болж өрсөлдөнө. Нийллэг үе буюу багийн хоёр хүн эсрэг багийн хоёр хүнтэй нийлж суугаад харвадаг.

Харваач тус бүр дөрвөн сум харвана. Дараагийн харвааг шувтарга мэргэ, ноён үе гэх зэргээр нэрлэнэ. Ахмад настай хүнийг хүндэтгэн майханд нь очиж нааддаг. Модны эзэн баг модныхоо баруун талд суудаг. Бусад багийн майханд очиж тоглохоор явахдаа тусгай дэгийн дагуу майхныг нь нар зөв тойрон очиж тоглоно.Тоглож дуусаад идээ будаа, айраг идээгээ сөгнөж танилцаж, хол ойрын сонин сайхан, байгаль цаг агаар, аж амьдрал, нутаг усны сайн харваач, цэцдийн тухай хуучилдаг гэх.

Өрсөлдөгч багтай тоглохын өмнө хасаа шивнэж бие халаалт хийнэ.  Өөрөөр хэлбэл  хасаагаа онож бэлтгэлээ базаана гэсэн үг. Зурхай дээрээ чулуу тавьсан байвал харвахыг хориглодог гэх. Шагайн уухайг найзын уухай, онооны уухай, алдааны уухай, хөтлөх уухай, буулгах уухай гэх мэтээр таньж мэдэх нь чухал.

Тухайлбал хөтлөх уухай гэдэг нь өөрийн талын харваач хашлагаа дор байрлуулсан бол  уухайгаар хөтөлж дээш хөдөлгөх, буулгах уухай нь тухайн харваач хашлагаа дээр зоосон бол мөн л доош нь буулгаж суулгах утгатай. Сүүлийн үеийн залуус хашлагыг харчихаад “Хүүе хашлага чинь дээр эсвэл доор байна” гэж хашгирах шахуу хэлдэг. Үе дамжин ирсэн уламжлалыг үзэхэд ингэж дуудаж байсангүй. Өөрөөр хэлбэл уухайгаар алдаа оноо амжилт  бүтээлийг дуудаж байсан заншилтай.


Уухай  өргөөд л / үргэлжлүүлэн уянгалуулахыг хэлдэг/ хөтлөөд байвал миний хашлага доор байна гэж мэдэрнэ. Найзын уухайг харваачийн хашлага тухайн байршилдаа яв цав нийлсэн  үед уухайлдаг бөгөөд энэ нь харваач зурхай руу харвах бэлтгэл хангагдсан үед уухайлан дэмждэг байна.

Түүх сөхөхөд майхны гадаа сууж байсан хүн хоёр багийг тоглож байхад уухайгаар нь оноог нь тоолж байсан гэдэг.

Тийм нарийн мэдрэмж, дэг журмыг эртний шагай харваачид гаргуун мэдэрдэг байжээ. Одоогийн  шагайн зарим наадгайг харж байхад  юу нь  ч мэдэгдэхгүй хашгираад байгаа. Шагай харвах нь тухайн хүний тэвчээр, хатуужлыг шалгахын сацуу ахмад үеийн сургаалийг залуу үеийнхэн өвлөж авдаг, эв эеийг эрхэмлэдэг, харваж дуусаад хожигдсон ч тойромдоо дараа дахин ирж тоглохыг билэгдэн сайн сайхныг хүсч хөөрөг зөрүүлж, айраг цагаан идээ сөгнөдөг,  үндэсний дээл хувцсаа даруу төлөв өмсөж сурдаг гээд олон давуу тал бий гэж өвгөн харваач хуучилсан юм.


Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр:

Луугарын шагайн харваа бол Монголд томоохонд тооцогддог тойрмуудын нэг


Энэ үеэр "Луугарын тойром" шагайн харвааг зохион байгуулж байгаа Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяртай уулзахад дараах зүйлийг өгүүлсэн юм.

Луугарын шагайн харваа бол Монголд томоохонд тооцогддог тойрмуудын нэг. Урьдын өвгөчүүл, харваачид шагайн харвааг үе дамжуулан өвлүүлж ирсэн төдийгүй өмнөх нийгмийн үед ч нууцаар тоглож баясал цэнгэл эдэлж байсан түүхтэй.

Дээхнэ үеийн харваачид Даланжаргалан сумын Нартын хадны дэргэд Луугарын хэмээх ус нутагтаа чуулж цэц мэргэнээ сорьж байсан уламжлалтай. Эл шагайн харвааны онцлог бол олон зуун жил  уламжлагдаж ирсэн бөгөөд нэг ч удаа тасраагүй өнөөг хүрсэн байдаг. Энэ жил 60 гаруй багийн 500 гаруй харваач ирж цэц мэргэнээ сорилоо.Шагай харвах болгонд байгаль дэлхий хураа хайрладаг. Бас зуншлага сайтай үед ойр хавийн айлууд ч Луугарын ус нутгаа тойроод буух нь бий.

Тиймээс энэ сайхан өв соёлыг  дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж авч аваа залуустаа, хамтран зүтгэгчиддээ болон энэ жилийн “Луугарын тойром”-д хүрэлцэн ирж оролцсон бүх харваач, хөрөнгө санхүүгээр дэмжиж тусалсан компани, шагайн харваанд элэгтэй бүх хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Шагайн харвааг төр засаг өндрөөр үнэлж төрийн их баяр наадмын нэг хэсэг болголоо.

Орон нутгийн удирдлага ч дэмжиж тусалж байна Жил бүрийн баяр наадмаар үзэгчид, наадамчдын үзэх дуртай баяр цэнгэлийн нэг болсонд Монголын Шагайн холбоог удирдаж буй хүний хувьд талархаж явдаг гэлээ.

Шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Энэ жилийн “Луугарын тойром”-д Дорноговь, Дундговь, Өмнөговь, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар зэрэг найман аймгийн 66 багийн 500 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр тэргүүн байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай харваачид, дэд байрт Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай  “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн харваачид, гутгаар байрт  Н.Алтангэрэл ахлагчтай Улаанбаатар хотын харваачид шалгарч өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнууллаа.

Хувийн цуваа харваанд тэргүүн байрт Дундговь аймгийн харваач Н.Нямсүрэн, Дорноговь аймгийн харваач С.Амгалан, Улаанбаатар хотын харваач Н.Алтангэрэл  нар шалгарлаа. Ахмадын харваанд Дундговь харваач Б.Чойдорж ахлагчтай баг, дэд байрт Улаанбаатар хотын харваач Д.Ганчулуу ахлагчтай баг, гутгаар байрт Дундговь аймгийн харваач Д.Жинлин ахлагчтай баг тус тус шалгарсан бол Хувийн цуваа харваанд: Тэргүүн байрт Н.Батсүрэн, дэд байрт харваач Н.Сумьяа, гутгаар байрт  харваач Н.Рида нар тус тус шалгарав.

Харваачид харваж  наадмаа дуусгаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон  дараа дахин ирж наадан цэнгэхийг бэлгэдэн уухайлж буцсанаар “Луугарын” хэмээх шагайн тойром өндөрлөв.













Холбоотой мэдээ