Хэрлэн голд живсэн гурван хүний цогцсыг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн голд живсэн гурван хүний цогцсыг
эрэн олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ. Тухайлбал, Хэрлэн сумын нэгдүгээр баг Бунхан
толгой орчимд 27 настай, эрэгтэй Г, 28 настай,
эрэгтэй Пп нар усанд осолдсон тухай дуудлагыг энэ сарын есний өглөөний 07:03 цагт Бүсийн төв Дорнод
аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын
дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн найман алба
хаагч, нэг автомашин, хоёр завьтай эрлийг зохион байгуулж, маргааш өглөө нь 08:25 цагт нэг цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 300 метрийн зайнас олсон байна.
Харин ослоос гурван өдрийн дараа 12-ны өдрийн 13:47
цагт нөгөө
цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт
10 км-ийн зайд Хэрлэн сумын тавдугаар багийн
нутаг дэвсгэрт байрлах “Хадан хясаа” орчоос голын
мандал дээр доошоо харсан байдалтай хөвж байсныг олсон гэж мэдээллээ.
Мөн Хэрлэн сумын зургадугаар баг
“Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд хөл алдаж усанд осолдсон 30 настай Г-ийн цогцсыг анх осолдсон газраас зүүн зүгт 50 км-т Баянтүмэн
сумын Жаргалант багийн “Хутаг уул” орчим голын хойд талын эрэгт усны мандал дээр
доош харсан байдалтай хөвж байсныг олж цагдаагийн
газарт хүлээлгэн өгчээ.
Хур бороо ихтэй, үерийн түвшингээс хэдүйн
давсан энэ үед голд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй
байхыг Бүсийн төв Дорнод аймгийн
Онцгой байдлын газраас анхааруулсаар байгаа юм. Тус газраас өдөр бүр Хэрлэн гол дагуу эргүүл хяналт
хийж байна.