Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-20 10:40:03

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан суманд их хэмжээний аадар бороо орсоны улмаас хоёр малчин өрхийн гэр, бусад эд хөрөнгө, 19 малчин өрхийн олон тооны мал үерт өртжээ.

Аймгийн Онцгой комисс Айраг, Даланжаргалан суманд ажиллаж байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоох, хохирол амссан малчин өрхүүдэд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, холбогдох яам, агентлагт судалгаа, мэдээллийг хүргүүлэх ажлын хэсгийг томилсон байна.

Мөн үерт өртөж орон гэргүй болсон малчдад тусламж үзүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулан устгах, халдваргүйтгэх ажлыг эхлэх цаашид авах арга хэмжээний талаар сумдын Онцгой комиссын дарга, гишүүд, мэргэжлийн байгууллага, хариуцсан албан хаагчдад үүрэг чиглэл өглөө.

Усархаг аадар борооны улмаас тус аймгийн Мандах суманд ч олон тооны мал борооны усанд цохиулан эрсэдсэн талаар албаны хүн мэдээлэв.

Өнгөрөгч долдугаар сард тус аймгийн нийт нутгаар гандуу байсан бол хур бороо орсноор зуншлагын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 57 хувь буюу Айраг, Даланжаргалан, Иххэт, Өргөн сумын ихэнх, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумын зарим хэсэг, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутгаар сайжирчээ. Харин нутгийн 30 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байна.

Холбоотой мэдээ