Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-20 17:14:00
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол энэ сарын 18-нд гарсантай холбогдуулан ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярив.


Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд Хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх ийм тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Цай Вэньруйгаас хүслээ.


Монголын талаас анхаарал хандуулж буй асуудлыг Хятадын талын холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахаа Элчин сайд Цай Вэньруй илэрхийлэв.


Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг монгол жолооч нарт ойлгуулахад анхаарахыг хүссэн байна. С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг хөндөн ярилцжээ.

Холбоотой мэдээ