Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөө орой 23:15 цагт газардана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай онгоц өнөө орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.
Тус онгоцоор Хонконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэх юм.
Тэдний дунд эрүүлийн мэндийн шалтгаантай 37, өндөр настан 3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 83 иргэн байгаа юм.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц маргааш буюу 8 дугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.