Эрхээ нөхөн сэргээх эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-25 18:31:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.


УИХ-аас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн дагаж мөрдөж байгаа билээ. Сүүлийн үед үүссэн хүндрэл бэрхшээл, хэрэгцээ шаардлагад үндэслэн хяналтын шатны шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх  эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.


Өнөөгийн байдлаар, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо нэмэгдэж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.


Ингэснээр шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдах нөхцөл бүрдэхээс гадна эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүйн улмаас үүдэн гарах эрх зүйн хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Холбоотой мэдээ