Монгол Улс дотооддоо вагон үйлдвэрлэхэд дөхөж ирээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, уул уурхайн олборлолт тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны засвар үйлчилгээ, хангалтыг тээврийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлага бий болж байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр тус депогийн хүчин чадал 50 хувиар нэмэгдэж жилдээ 3500 вагон засварлах, хөдлөх бүрэлдэхүүний 1500 хос дугуй угсрах хүчин чадалтай болж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын талаар УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Доржбаттай ярилцлаа.
-УБТЗ Зүүнхараагийн ачааны вагон засварын депог өргөтгөж, шинэчлэх томоохон төслийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ төслийн ач холбогдлын талаар тодруулж ярина уу?
-Тиймээ, энэ бол том төсөл. УБТЗ-ын Ачааны вагон засварын депогийн өргөтгөлийг бид 2008 оноос эхлүүлсэн ч эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад зогсонги байдалд ороод байсан юм. Тэр үед УБТЗ жилдээ 14.6 сая тонн ачаа тээвэрлэж байлаа. Гэтэл өнөөдөр ачааны хэмжээ түүнээс бараг хоёр дахин нэмэгдээд байна. Тээврийн өсөлтийг дагаад тээвэрт явж буй хөдлөх бүрэлдэхүүн буюу ачааны вагоны тоо ч өссөн. Одоогоор УБТЗ-ын болон бусад байгууллагын эзэмшлийн нийт 8000-аад вагон тээвэрт явж байна. Тэгэхээр одоогийн вагоны паркийн засвар үйлчилгээг УБТЗ-ын ачааны вагон засварын депогийн хуучин хүчин чадлаар хийх боломжгүй болсон. Үүнийг бид урьдчилан харж чадсан учраас 2017 онд өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн. Өргөтгөлийн ажлыг гурван үе шаттай гүйцэтгэлээ. Нэгдүгээр үе шат нь депогийн засварын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл, хоёрдугаар үе шат нь ачааны вагон угсрах ажил, гуравдугаар үе шат нь Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр байгуулах ажил байлаа.
2017 оноос өргөтгөлийн ажлыг эхлүүлж 2018 онд ашиглалтад оруулсан. 2017 онд төслийн хоёрдугаар шатны ажил болох ачааны вагон угсрах ажлыг ЗТХЯ-ны шийдвэр, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, таван ачааны вагоныг угсарч тээвэрт нийлүүлсэн. Энэ жил Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Ингэснээр тус депогийн хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүллээ. Энэ бол том амжилт юм. Өргөтгөлийн ажлыг дагаад дагалдах бусад бүх цехийн хүчин чадлыг ч 40-50 хувь нэмэгдүүлсэн.
-Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэрийн нээлтийн үеэр депогийн ахмадууд “Бидний насаараа мөрөөдсөн зүйл биелэхийг харах үнэхээр сайхан байна” гээд нүдэндээ баярын нулимстай зогсож байсныг санаж байна.
-Тэр үед ахмадууд маань хос дугуйгаа ОХУ руу их засварт явуулчихаад л байнгын хүлээлтийн байдалтай байдаг байлаа. Тэд маань хэзээ Монгол Улс вагоны хос дугуй угсрах үйлдвэртэй болох бол гэж мөрөөддөг байсан. Гэхдээ өөрийн деподоо байгуулна гэж бодоо ч үгүй байх. Ахмадууд маань мөрөөдөж байсан үйлдвэр нь төрөлх депод нь нээгдэж байгаад үнэхээр баяртай байгаагаа ярьж байсан. Миний хувьд ч энэ депогийн Хос дугуйн цехээс ажлын гараагаа эхэлсэн хүн. Хос дугуйн засварчнаас эхлээд ерөнхий инженер хүртлээ 14 жил ажилласан. Би 2002 онд Замын техникийн хэлтэст ажиллаж байхдаа Вагоны албаны инженер Ш.Ганзоригтой Хос дугуй угсрах цех байгуулах төслийг анх боловсруулж, Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж байлаа. 2014 онд намайг Вагоны аж ахуйн албанд ерөнхий инженерээр томилж, энэхүү төслөө ажил хэрэг болгох боломж олгосонд маш их бэлгэшээдэг.
Вагон үндсэн таван эд ангиас бүрддэг. Хамгийн нарийн эд анги бол явах анги буюу хос дугуй юм. Хүмүүс хос дугуйг цул төмөр гэж бүдүүн бааргаар хардаг байх. Тэгтэл энэ хос дугуй бол вагоны эд ангиуд дотроос хамгийн нарийн технологитой, хамгийн нарийн хэмжүүртэй. Нэг мм-ийг мянга хуваасан микрометрээр хэмжигддэг. Нэг микрометр алдахад л ямар ч уршигт хүрч болох нарийн эд анги. Үүнийг бид өөрсдөө үйлдвэрлээд эхэлнэ гэдэг бол бусад эд ангийг үйлдвэрлэх бүрэн боломжтой гэсэн үг. Энэ бол вагон үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэг алхам ойртож байна л гэсэн үг.
-Шинэ үйлдвэрийн ажил жигдэрч байна уу?
-Гэрээгээр шинэ тоног төхөөрөмжүүдийг уг нь ОХУ-аас нийлүүлэгч компанийнхан өөрсдөө авчирч угсраад, тохируулах, жигдрүүлэх бүх ажлыг хийхийн зэрэгцээ манай ажилчдыг сургах байсан юм. Гэвч COVID-19 цар тахлаас үүссэн нөхцөл байдал, хил хаасантай холбогдоод нэлээд хугацаа алдсан. Эцэст нь, Замын захиргаанаас тоног төхөөрөмжийн угсралтыг өөрсдийн хүчээр хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу бид Улсын баяр наадмын өмнө нийлүүлэгч компанийхантай цахимаар харилцаж байгаад гурван том төхөөрөмжийг бүрэн угсарсан. Тэгээд наймдугаар сарын 1-нээс гэхэд тоног төхөөрөмжүүдийн тохируулга болон туршилтуудыг богино хугацаанд хийгээд анхны хос дугуйгаа засварлаж, угсарсан.
Ер нь, хос дугуй угсралт маш нарийн технологитой ажил. Монголд анх удаа хийгдэж байгаа учраас тоног төхөөрөмжийн тохируулгын нарийн ажлуудыг маш хянамгай гүйцэтгэлээ.
Энэ үйлдвэрт ачааны вагоны хос дугуйнаас гадна зүтгүүр, зорчигчийн вагоны хос дугуйг угсрах учраас эдгээр албадынхантай бас хамтарч ажиллаж байна. Энэ сарын 11-нд Зүтгүүрийн аж ахуйн алба болон Зүтгүүрийн депогийнхонтой хамтарч зүтгүүрийн дугуйг задлах, угсрах туршилтыг хийлээ. Мөн Зорчигчийн вагон депогийн ажилтнууд Хос дугуй угсрах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр зорчигчийн вагоны хос дугуйг задлах, угсрах туршилтыг хийлээ. Эдгээр туршилтаас зүтгүүр болоод зорчигчийн вагоны хос дугуйг задлах, угсрах явцад ямар бэрхшээл хүндрэл байна. Ямар нэмэлт багаж төхөөрөмжүүд шаардагдаж байна. Яаж технологио сайжруулах вэ гэдгийг тодорхойлоод хамтран акт үйлдсэн.
-Та бүхний дараагийн зорилт мэдээж вагон үйлдвэрлэл. Үндэс суурь нь бэлтгэгдчихлээ гэж харж байна?
-2017 онд угсарсан ачааны таван хагас вагон бол бидэнд боломж байгаагийн баталгаа юм. Энэ вагонууд өнөөдөр тээвэрт явж байгаа. Одоогийн байдлаар нэг вагон дунджаар 9.5 сая тонн/км-ийн тээвэр гүйцэтгээд байна.
Тухайн үед маш богино хугацаанд буюу 2017 оны тавдугаар сард ЗТХЯ-наас вагон угсрах үүрэг авч, УБТЗ өөрийн хөрөнгөөр таван вагоныг угсарсан. Гэхдээ тэр үед бид ОХУ-ын Барнаулын вагоны үйлдвэрээс вагоны арлыг кузовын эд ангиудтай аваад Ачааны вагон засварын депогийн хажууд жижиг цех байгуулаад угсарсан. Энэ цехийг бид өөрсдөө вагон угсрах стенд, тоноглол, дагалдах багаж хэрэгслүүдээр бүрэн тоноглосон. Энэ бол бидэнд тодорхой дадлага туршлага болсон. Ингэж бэлэн эд анги аваад угсрах нь хамгийн анхан шатны ажил юм. Одоо бол вагон угсрах үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ гэхээр арай ахисан шатанд асуудлыг харж байна. Өөрөөр хэлбэл, гадаадаас бэлэн эд анги авчраад угсрах биш төмрийг нь оруулж ирээд эндээ вагоны арал, кузовыг үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.
Ер нь Монгол Улс дотооддоо вагоны үйлдвэр байгуулах нь зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр манайд 8000-аад вагон тээвэрт ашиглагдаж байна. Ихэнх нь хуучирсан, ашиглалтын хугацаа дууссан.
Гэтэл говийн бүсэд шинэ төмөр замууд тавьж эхэлсэн. Мөдхөн ашиглалтад орно. Тэгвэл ачааны вагоны парк 2-3 дахин өсөж таарна. Тийм учраас вагон угсрах үйлдвэрээ байгуулах нь арай хямд төсөр тусна. Мөн дараа нь энэ үйлдвэрээ түшиглээд вагоны засвар үйлчилгээгээ ч хийгээд явах боломжтой шүү дээ. Тиймээс би хувьдаа вагон үйлдвэрлэлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий гэж үздэг. Харин яаж, хэрхэн хийх вэ гэдгийг л маш зөв тооцож, зохион байгуулах ёстой.
-Дэлхийн зах зээл дээр ачааны шинэ вагоны үнэ ханш ямар байгаа вэ?
-Дэлхийн зах зээл дээрээс шинэ вагон худалдаж авъя гэхэд нэг вагон 80 мянган ам.доллар гэж бид тооцож байсан. Гэвч дэлхийн зах зээл дээр төмөрлөг болон гангийн үнэ нэмэгдсэн учраас үнийн хувьд хэлбэлзэлтэй байна. Зарим үед 100-120 мянган ам.долларт хүрдэг. Мөн вагоны нэр төрлөөс хамаараад үнэ нь өөр өөр.
-Манайх дотооддоо вагон угсарвал мэдээж хямд тусна биз дээ?
-Вагон угсрах үйлдвэр байгуулахдаа массын буюу олноор угсрах үйлдвэрлэл явуулахгүй бол цөөн тоогоор үйлдвэрлэвэл зах зээл дээр үнийн хувьд өрсөлдөхөд бас хэцүү. Мөн бэлэн эд анги авч угсрах биш өөрсдөө үйлдвэрлэх нь үнийн дүнд нөлөөлнө.
Ярилцсан Б.Гүнжинлхам