“Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-28 18:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн улирал ирэхтэй холбогдуулан Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, БОАЖЯ, “Таван толгой түлш” ХХК, ЭХЯ, ЭМЯ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Яндангаа хөөлье” аянг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.

Өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх явцад зарим айл өрх зөв хэрэглээг хангаагүй, байрны доторх агаарын бохирдлоос хамгаалах, орон байраа зөв дулаалах мэдлэг, мэдээлэл дутмаг байснаас үүдэн угаартаж амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. 


Энэ жил өвөлд эртнээс бэлдэж, эрсдэл гаргахгүй байх үүднээс иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос санаачлан “Яндангаа хөөлье” аяныг мэргэжлийн байгууллагуудтай хамтран улс орон даяар зохион байгуулж байна. 

Аяны хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл түгээх, хэрэглээний зөв дадлыг бий болгох сургалт, сурталчилгаа явуулна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Г.Сарангэрэл хэлэхдээ, “Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагад жил бүр угаарын хийн хордлоготой холбоотой 2500 хүн хандаж, 200 гаруй хүн эмнэлэгт хэвтдэг бөгөөд 15-20 хүн нас барсан харамсалтай тоо бий. Иймээс Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энд онцгойлон анхаарч, 9 дүгээр сарын 1-нээс "Яндангаа хөөлье" аяныг эхлүүлж байна. Яндангаа хөөлөөгүйн улмаас хөө, тортог хуримтлагдан бөглөрөн, утаа гадагшилдаггүй. 


Тиймээс мэргэжлийн байгууллагууд ард иргэддээ заавар, зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллана. Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын гудамжаар дуут дохиотой явж, яндангаа хөөлөхийг уриална. Ингэснээрээ ард иргэдээ угаарын хийд автахгүй байх, амь насаа алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм.

Засгийн газрын шийдвэрээр агаарын угаар хэмжигч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхөд нэг удаа үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын 167 мянга гаруй өрхөд угаарын хий мэдрэгч тарааж, ашиглах зааврыг бүрэн өгчээ.


2019 оноос эхлэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох" тухай Засгийн газрын тогтоол, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг тус тус хэрэгжүүлж ирэв. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх онтой харьцуулахад 40-50 хувиар буураад байна. Энэ оноос Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулахаар тусгаад буйг өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр дурдаж байв.

Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал, “Энэ удаагийн "Яндангаа хөөлье" аян нь нийслэлийнхний амьдралтай чухал ач холбогдолтой болно гэдэг найдаж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт орж, төвийн 6 дүүрэгт бүхэлд нь түүхий нүүрс түлэхийг хориглохоор тусгасан"-ыг дуулгалаа.

 Т.Энхтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ