Усалгаатай талбайг 12 хувиар нэмэгдүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-08 12:59:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын Засгийн газар АХБ, Ядуурлыг бууруулах Японы сангийн нийт 46.2 сая ам.долларын санхүүжилтээр "Хүнсний ногооны үйлдвэрлэл, усалгаатай ХАА" төсөл хэрэгжүүлэх гэж байна. 

Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт 2020-2026 онд хэрэгжих уг төслийн хүрээнд нийт 12 усалгааны системийг шинэчлэн, сэргээн засаж 7000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариалах юм. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлнэ. 

Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, маркетингийн үр ашгийг дээшлүүлэх замаар өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх аж. Тодруулбал, төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ өнөөгийн түвшнээс 12 хувиар нэмэгдэх талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон төслийн нээлтийн семинараар хөндлөө. Төслөөр:

  • ХАА-н зохистой дадлын хүрээнд хүнсний ногоо тариалах, хураах, хураалтын дараах боловсруулалт хийх, 
  • усны хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи ашиглах, хүнсний аюулгүй байдлыг хангах, 
  • сав баглаа боодол, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд үр ашигтайгаар нийлүүлэхэд нь чиглэсэн чадавх бий болгоход дэмжлэг үзүүлж, мэдээ мэдээллээр хангах юм.

Нээлтэд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон Япон улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хиромичи Мияшита болон төслийг хэрэгжүүлэх аймаг, орон нутгийн төлөөлөгчид оролцов.


Холбоотой мэдээ