ИНЕГ-ын дэргэд 200 хүүхдийн цэцэрлэг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн салбарын ажилтай танилцаж, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг сайжруулах, нислэг техникийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг баримтлах, гамшиг, цаг агаарын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх албан даалгавар өглөө.
Түүнчлэн 2020 оныг сахилга хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил болгон зарласантай холбогдуулан иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахисан, ажилтан, албан хаагчиддаа чиглэсэн, ажиллах нөхцөл, орчин бүрдүүлсэн үйл ажиллагаа тогтмол явуулж байхыг сануулав.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд 200 хүүхдийн цэцэрлэгийг ирэх сард ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйг дурдлаа. Нисэхийн салбарын ажилтнуудын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөний идэвхтэй байдлыг дэмжих, цар тахлаас урьдчилан сэргийлэх, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг шаардлагад нийцүүлэн, ажилтнуудад зориулсан спорт цогцолборын барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгааг хэлсэн юм. Түүнчлэн, сайд Л.Халтар ИНЕГ-ын бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдах төвийн барилгын ажлын гүйцэтгэлийн явцтай танилцаж, 2020 онд багтаан ашиглалтад оруулах үүрэг чиглэл өглөө.