“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-10 19:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан “Мах, махан бүтээгдэхүүний экспорт, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвээр Гадаад харилцааны яаманд өнөөдөр болов.


Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хуралдааны нээлтийн үеэр, Монгол Улсын малын тоо толгой жилд дунджаар 5 саяар өсч, 70 гаруй сая толгой малтай болсонч, мах экспортлогч орон болж чадахгүй байгааг дурьдлаа. Мөн ойрын хугацаанд хоёр хөрш улс руу гарч буй махны экспортыг нэмэх, цаашлаад АСЕАН, Ойрхи Дорнодын орнууд руу экспортлоход өндөр ач холбогдол өгөх нь чухал байна гэлээ. Тэрбээр, "Монгол махыг экологийн цэвэр бүтээгдэхүүн нэрээр дэлхийд гаргах, экспортыг нэмэх нэгдсэн бодлого зохицуулалттай ажиллах шаардлагатай байгаа. Жижиг ашиг сонирхолд хөтлөгдсөн үйлдэл, үйл ажиллагаа экспортын чадамж нөөцтэй бараа бүтээгдэхүүний нэр хүнд, эдийн засагт өгөх үр өгөөжид сөрөг нөлөө үзүүлнэ" гэлээ.


Хуралдаанд махны экспортын асуудлаар ХХААХҮЯ, МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдааны мөрөөр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх цаг хугацаатай төлөвлөгөө гаргаж, шуурхай ажиллахаар тогтов.


Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор баталсан “Монгол экспорт” хөтөлбөрийг  хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийг Ерөнхий сайдын захирамжаар 2019 онд байгуулсан. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар ХХААХҮ-ийн дэд сайд ажиллаж байна.

Холбоотой мэдээ